МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

By: Admin
2024-12-22
0
1039

Танилцуулга

Мянган Угалзатын нуруу нь Алтайн аргаль хонины цөм байршил нутаг болохын зэрэгцээгээр ховор амьтан, ургамал элбэгтэй байгалийн үзэсгэлэнт газар учраас түүнийг хамгаалах, амьтдын өсч үржих нөхцөлийг хангах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар Ховд аймгийн Цэцэг сумын 60,000 га газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авсан. Улмаар аргаль хонины үндсэн тархац нутгийг хамгаалалтад бүрэн хамруулах шаардлагыг үндэслэн УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор Ховд аймгийн Цэцэг, Алтай, Мөст сумдын зарим газар нутгаас 243,775 га-гаар өргөтгөж, Улсын тусгай хамгаалалтад оруулснаар нийт талбай нь 303,775 га болж өргөжив. Үүнээс Цэцэг сумын нутгаас 182,540 га буюу цогцолборт газрын нийт талбайн 61%, Мөст сумаас 40,466 га буюу 14%, Алтай сумын нутгаас 74,852 га буюу 25%-ийг тус тус эзэлж байна.

2002-2012 он хүртэл Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны харъяанд Цэцэг суманд хамгаалалтын хэсэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан.

БОАЖС-ын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 тоот тушаалаар Мянган Угалзатын нурууны БЦГ-ын Хамгаалалтын захиргааг шинээр Ховд аймгийн Цэцэг суманд байгуулсан бөгөөд одоогоор 18 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хамгаалалтын захиргааны 2022 онд хийсэн онцлог ажлаас дурдвал:

Судалгаа шинжилгээний ажил

Хамгаалалтын захиргаанаас дараах судалгаануудыг мэргэжлийн судлаач, багш нартай хамтран хийж гүйцэтгэлээ.

Мэргэжлийн судлаачтай хамтарч хийсэн судалгаа:

  • Уулын туруутан амьтдын судалгаа /2 удаа хавар, намар/
  • Жижиг хөхтөн, мөлхөгч амьтдын судалгаа
  • Мянган угалзатын нурууны ургамлын судалгаа
  • Байгаль, түүх-соёлын дурсгалын судалгаа

Хамгаалалтын захиргаа бие дааж хийсэн судалгаа:

  • Суурин болон нүүдлийн шувуудын төрөл зүйл, тоо толгой, тархацын судалгаа
  • Шавжийн зүйлийн бүрдлийн судалгаа
  • Усны мониторинг судалгаа
  • Орчны бүсийн сумдын айл өрхийн Нийгэм-эдийн засгийн судалгаа
  • Бүс нутгийн байгаль, цаг уур, түүний өөрчлөлтийн судалгаа
  • Автомат камерын судалгаа

Байгаль хамгаалагчдын мониторинг ажиглалт, судалгааны мэдээллийг Био сан программд шивж, мэдээллийн сангаа баяжуулан ажиллав.

 Мянган Угалзатын нурууны уулын туруутан амьтдын судалгаа

Ховд Их сургуулийн Биологийн тэнхимийн судлаач, биологийн багш М.Отгонбаатар (Ph.D), Б.Ганчимэг (Sc.M)  нартай хамтран хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 2022 оны 6 дугаар сард цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд уулын туруутан амьтдын хээрийн судалгааг хийж гүйцэтгэв.

Аргаль хонины популяцийн бүтэц, нас, хүйсийн харьцаа, тоо толгойн үнэлгээ: Судалгаагаар 330 бодгаль бүртгэснээс  /77 угалз, 210 эм хомь, 43 хурга, популяцийн эр, эмийн хүйсийн харьцаа 1:2,7 байна/ судалгааны арга зүйг үндэслэсэн тооцооллоор цогцолборт газар, түүний орчны бүсийн 3462 км2 нутаг дэвсгэрт 796±341 (95% CL) бодгаль байгаа нь тогтоогдов.

Янгир ямааны популяцийн бүтэц, нас, хүйсийн харьцаа, тоо толгойн

үнэлгээ Мянган угалзатын нурууны цогцолборт газар, түүний орчны бүс нутаг дэвсгэрт 9 сүргийн 168 бодгаль /106 нь эм ямаа, 13 тэх, 49 ишиг, эр, эм хүйсийн харьцаа 1: 8.1 байна/ янгир ямаа бүртгэгдсэнээс дундаж нягтшил 1 км2 талбайд 0.11 толгой байв. Судалгаагаар тухайн бүсийн 3462 км2 нутаг дэвсгэрт 387±193 (95% CL) янгирын бодгаль байгаа нь тогтоогдов. /Хаврын судалгаагаар/

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхмийн судлаач Ж.Мөнх-Эрдэнээр ахлуулж хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 хэсэгт хуваагдаж 2022 оны 11 дүгээр сард цогцолборт газрын хязгаарлалтын болон орчны бүс нутагт 12 замналд уулын туруутан амьтдын хээрийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Аргаль: 24 сүргийн 359 аргаль хонь бүртгэгдсэнээс угалз 64 бодгаль, хомь 165, төлөг 56, төл  54, тодорхойгүй 20 бодгаль байв. Угалз, хомийн харьцаа 1:2,6 байна.

Янгир: 4 сүргийн 501 янгир ямаа бүртгэгдсэн.


Буга: 3 сүргийн 46 халиун буга тоологдов.  /Намрын судалгаагаар/

 Мянган Угалзатын БЦГ-ын жижиг хөхтөн, мөлхөгч амьтдын судалгаа

Мянган Угалзатын нурууны цогцолборт газрын хязгаарлалтын болон орчны бүс нутагт жижиг хөхтөн болон хэвлээр явагч, мөлхөгч амьтдын судалгааг 2022 оны 8 дугаар сард МУИС-ийн Биологийн тэнхимийн амьтан судлалын багш, хөхтөн амьтан судлаач, биологийн ухааны доктор, профессор С.Шар ахалж,  хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран хийв.

Жижиг хөхтөн амьтад: Мянган Угалзатын нурууны цогцолборт газар, түүний орчны бүс нутагт 4 янзын амьдрах орчинд нийт 38 зүйлийн жижиг хөхтөн амьтан тархсан байгааг тогтоов.


Мөлхөгч амьтад: Мянган Угалзатын нуруу орчмын нутаг нь ихэнх нь уулархаг нутаг тул хүйтэн цустай мөлхөгч амьтдын хувьд харьцангуй ядмаг. Цогцолборт газар болон түүний орчмын газруудад мөлхөгчдийн ангид багтах 2 зүйлийн могой, 2 зүйлийн гүрвэл тархсан байна.

Мянган Угалзатын нурууны ургамлын судалгаа

Мянган Угалзатын нурууны цогцолборт газрын хязгаарлалтын болон орчны бүс нутагт ургамлын аймгийн хээрийн судалгааг 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны хооронд “Монголын тэгш өндөрлөгийн экосистем судлалын хүрээлэн ТББ”-ын судлаач, МУБИС-ийн ургамлын багш В.Гүндэгмаа /Ph.D/ ахалж, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран хийсэн.

Судалгааны үр дүнгээр цогцолборт газарт 37 овгийн 145 төрлийн 281 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд цаашид ургамлын ургалтын янз бүрийн хугацаанд давтан судалгаа хийвэл зүйлийн тоо нэмэгдэх бүрэн боломжтой.

Цогцолборт газарт устаж болзошгүй 3, эмзэг 8, ховордож болзошгүй 4, эндемик 28 ургамал ургаж байна.

Түүх-соёлын дурсгалын судалгаа

Тусгай хамгаалалттай нутгийн хязгаарлалтын болон орчны бүс нутгийн 3 сумын 7 багийн 1376 км газрыг хамруулан Ховд аймгийн Соёл урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Б.Уртнасан, Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, бүртгэл мэдээллийн санч О.Уламнэмэх, Цэцэг сумын Соёлын төв, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран 2022 оны 9 дүгээр сард байгаль, түүх-соёлын өвийн дурсгалт зүйлийн судалгааг хийсэн.

Буган чулуун хөшөө 64, Хүн чулуун хөшөө 23, Хиргисүүр, тахилын байгууламж  136 тоологдсон. Судалгаагаар эвдэрч сүйдсэн буган чулуун хөшөө, тахилын байгууламж 6, тэмдэгжүүлэх шаардлагатай буган чулуун хөшөө дурсгал 7 байгааг тогтоов.

Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил

Цогцолборт газрын орчны бүсийн Алтай, Цэцэг, Мөст сумдын 7 багийн 244 малчин өрхийн 615 иргэнд ТХГН-ийн үнэ цэнэ, хамгаалалтын захиргаанаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, шийдвэрүүдийн талаар сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажил хийж, гарын авлага, брошур тарааж ажилласан. Дээрх чиглэлээр олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүкд 48 удаагийн мэдээлэл пост оруулав.

Цогцолборт газрын орчны бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан арга хэмжээ


Хамгаалалтын захиргаанаас “Эх дэлхийн цаг-2022” арга хэмжээнд нэгдэж, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орчны бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын дунд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад хүн төрөлхтний үүрэг хариуцлагын тухай мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор “АХА” тэмцээн зохион байгуулж, эхний гурван байранд орсон сурагчдыг шагнаж урамшууллаа. Уг арга хэмжээг сургууль тус бүрийн эко клубын багш, сурагчид, тухайн суманд ажиллаж буй ТХГН-ийн байгаль хамгаалагчид хамтран зохион байгууллаа.

Орчны бүсийн сумдын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан 2022 оны 5 дугаар сарын 9-22-ны өдрийн хооронд “Амьд байгаль-бидний бахархал”, “Байгаль эхээ хэн сайн мэдэх вэ”  сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлахад 30 хүүхэд материалаа ирүүлснээс 15 хүүхдийн эсээг шалгаруулж, шалгарсан сурагчдын бүтээлийг цувралаар “Ховдын Толь” сонинд нийтлүүлсэн ба хамгаалалтын захиргааны фэйсбүүк хуудсанд байршуулж олон нийтийн хүртээл болгов.

 Орчны бүсийн сумдын сургуулийн эко клубын багш нартай хамтран 6-10 дугаар ангийн 30 сурагчдыг оролцуулсан эко аяллыг Мянган угалзатын цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион явууллаа.

Аяллаар дараах байгаль, түүх-соёлын дурсгалтай танилцуулж, бусад үйл ажиллагаа явууллаа. Үүнд:

  • Ард-Аюушийн цогцолбор
  • Яргайтын сэнж хад
  • “Мянган Угалз” судалгааны төв
  • Аргаль хонь, янгир ямаа харуулах
  • Сурагчдын дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулах /JPS багаж ашиглаж байршил олох/

  • Хоёр сумын сурагчид өөрсдийн эко клубын явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулах, харилцан туршлага хуваалцах, санал солилцох

Цэцэг сумын сургуулийн “Янзагахан” эко клуб жил бүр аюултай хог хаягдлыг ангилж, шил, зай, хуванцар сав цуглуулах ажлыг  зохион байгуулдаг ба 2022 оны 10-11 дүгээр сард нийт 500ш зай, 250ш шил, 236ш хуванцар сав цуглуулсан.

Орчны бүсийн Мөст сумын сургуулийн эко клубын багш Э.Бадамсүрэн сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах зорилтын хүрээнд хаягдал материал ашиглан “Ирээдүйн загвар зохион бүтээгчид” уриатай “ECO FASHION” загварын шоуг 2022 оны 11 дүгээр сард Мөст сумын ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчдын дунд  зохион байгууллаа.

Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажил

Хамгаалалтын захиргаанаас байгаль, түүх-соёлын өвийн хамгаалал, байгалийн нөөцийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанхүү, байгаль хамгаалагчид болон орчны бүсийн сумдын хууль хяналтын байгууллагын албан тушаалтан, нутгийн иргэдийн оролцоотойгоор эргүүл, хяналт шалгалтын ажлыг цаг тухай бүр зохион байгуулж ажиллалаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны багц хууль, соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, орчны бүсийн сумдын хууль хяналтын байгууллагын албан тушаалтан нартай хамтарч 18 удаагийн эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх 60 хоног”-ийн аян зохион байгуулав.

 Хамгаалалтын захиргаа 2021 оны 11 дүгээр сард Дэ Нэйче Консерванси /TNC/ төслийн дэмжлэг, санхүүжилтээр эргүүл, хяналт шалгалт, судалгаа шинжилгээний смарт программыг анх нэвтрүүлсэн ба мэргэжилтэн, байгаль хамгаалагчид смарт мобайл программаа тогтмол ажиллуулж, 233 удаагийн эргүүл, хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажлыг хийсэн байна. Ингэснээр байгаль хамгаалагчдын ажилд хяналт тавих, явсан замнал, ажиглалт судалгааны мэдээлэл, зөрчлүүд, эргүүлийн ажлын үр дүн зэрэгт дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын төлөвлөлт хийхэд чухал ач холбогдолтой болсон.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад 1 ААН, давхардсан тоогоор нийт 290 иргэн эргүүл, хяналт шалгалтад хамрагдлаа. /Байгаль хамгаалагчдын өдөр тутмын хяналт шалгалтад хамрагдсан иргэдийн тоо ороогүй/

 Орчны бохирдлоос сэргийлэх, хог хаягдал цэвэрлэсэн ажил

 БОАЖ-ын Сайдын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хамтарч 2022 оны 9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Ховд аймгийн Мөст сумын Хужирт, Номтын 20 км газрын ахуйн хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажилд хамгаалалтын захиргааны 10 төрийн албан хаагч, нутгийн малчин иргэд 15 хүн оролцож, 2 өдөрт 8,5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Мөст сумын нэгдсэн хогийн цэгт хүргэв.

 Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан бүс нутагтаа нутгийн иргэд, малчидтай хамтран нийт 11 тонн хог хаягдлыг цэвэрлэж, орчны бүсийн сумдын хогийн цэгт тэээвэрлэж буулгасан.

Хамгаалалтын захиргаа, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хамтын ажиллагаа

Тусгай хамгаалалттай газар нутгуудыг түшиглэн хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KFW)-аар дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” GIZ (SPACES) төсөл болон Экологийн чухал ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар нутгуудад хэрэгжиж буй Дэ Нэйчи Консерванси (TNC) зэрэг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын бодит дэмжлэг үзүүлж байгаагаас гадна албан хаагчдыг чадавхижуулах олон талын сургалтуудыг тухайн төслүүдийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна.

Төсөл хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалт

Д/д

Хөрөнгө оруулалтын нэр

Тоо ширхэг

Санхүүжилтийн эх үүсвэр

Хөрөнгө оруулалт хийгдсэн он

Санхүүжилт /Төг/

1

Land Сruiser 79 маркийн авто машин

1

KFW төсөл

2022

80.393.282

2

Дөрвөн улирлын иж бүрэн нормын хувцас

16

KFW төсөл

2022

43.847.800

3

Суурин компьютер 3ш, зөөврийн компьютер 1ш, GPS 3ш,

1

GIZ SPACES төсөл

2022

14.144.272

 

Нийт санхүүжилт

 

 

 

138.385.354

    Биотехникийн арга хэмжээ

           Уулын туруутан зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээл, экологийн нөхцлийг сайжруулах зорилгоор 200 боодол борог өвс, 5 тонн хужир шүүг 25 цэгт байршуулж биотехникийн арга хэмжээ авч ажилласан.

           “Алтайн нүүдэлчид” ТББ-ын санхүүжилтээр 50 боодол өвс, 2 тонн хужир шүүг “Булган Үзүүр Рашаант” нөхөрлөлийн гишүүдтэй хамтран 2022 оны 3 дугаар сард цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн 5 цэгт тавьж, биотехникийн арга хэмжээ авав.

           “Мо Эн Ко” ХХК-ийн санхүүжилтээр 165 боодол өвс, 3 тн хужир шүүг 3 дугаар сард цогцолборт газрын 5 цэгт  байршуулж биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.

          Хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршуулахад аргаль хонь өвс идэж байгаа нь баталгаажсан.  

Бусад ажил

Мянган угалзатын цогцолборт газар байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж  Ховд Их Сургууль, Баруун бүсийн экологийн судалгааны сууринтай хамтран “Мянган угалзатын нурууны байгаль-экологи, биологийн олон янз байдал, түүх-соёлын өв, угсаатан зүй, аялал жуулчлалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа Ховд аймгийн Цэцэг суманд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Тус хуралд ХоИС, Ховд аймгийн орон нутгийг судлах музей, Ховдын толь сонин, “Мо Эн Ко” ХХК, Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас нийт 19 илтгэл ирснээс 15 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хуралд ХоИС, Ховдын толь сонин, Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид, орчны бүсийн сумдын ЗДТГ, экоклубын багш, УЦУОШГ зэрэг байгууллагуудын төлөөлөл 40 хүн оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлаас 3 чиглэлээр 24 заалт бүхий санал, зөвлөмж гаргаж шинжлэх ухааны байгууллага, хамгаалалтын захиргаа олон нийтийн оролцоотой судалгаа шинжилгээ, байгаль хамгаалал, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгав.

Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг нэгтгэн судалгааны ажлын үр дүнг олон нийтийн хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бүтээл болгон “Соёмбо принтинг” хэвлэлийн газарт 300 ширхэг хэвлүүлсэн.


                                                                                                               

            “Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар” танин мэдэхүйн фото зургийн альбомын эхийг бэлтгэж “Соёмбо принтинг” хэвлэлийн газраар 300 ширхэгийг хэвлүүлсэн.

“Мянган угалзатын БЦГ-20 жил” нэг сэдэвт бүтээлийн /ном/ товхимлын эхийг бэлтгэж, хэвлэлтэд оруулахад бэлэн болгоод байна.


             Хамгаалалтын захиргааны байрны гадна тал, хашаа хайсны засвар үйлчилгээг байгууллагын ажиллагсад хийж, өнгө үзэмжийг сайжруулсан.


Байгууллагын болон өрөөний хаягийг монгол бичиг, кирилл бичиг, англи-монгол хэлээр бичиж шинэчилсэн байна.

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account