“МоЭнКо” ХХК 2010 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
2023-2024 оны хичээлийн жилд шилдэг 20 оюутныг сонгон шалгаруулж 1.500.000 төгрөгийн тэтгэлэг олголоо. Энэ жил уул уурхайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин, хоол судлал, цахилгааны инженер, дулааны инженер, мэдээлэл технологи /IT/, хятад хэлний орчуулагч гэсэн мэргэжлээр хүсэлт хүлээн авч, шалгаруулалт хийлээ.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Жаргалант, Цэцэг, Зэрэг, Алтай, Мөнххайрхан, Манхан, Дөргөн, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мөст сумын харъяат оюутнууд материалаа ирүүлсэн юм.
Өнөөдөр тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүд Ховд аймаг болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг батламжаа гардсан юм. Монгол Улсын их сургуульд Ховд дахь салбар сургуулиас 11 оюутан, ШУТИС, МУИС, АШУИС, УБ эрдэм их сургуулийн есөн оюутан батламжаа хүлээн авлаа. Өнгөрсөн жил МоЭнКо ХХК-ийн тэтгэлэгийг гардсан дөрвөн оюутан энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцэж, дахин тэтгэлэг авсан байна.
Ташрамд дуулгахад, өнөөг хүртэл МоЭнКо ХХК-иас 231 оюутанд 200 орчим сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.