Халаалт дулааны асуудлаар УИХ гишүүн болон аймгийн удирдлагууд уулзаж зөвлөлдөв

By: Admin
2024-12-22
0
1998

УИХ-ын гишүүн О.Батнасан “Бадамлах дөл” ХХК буюу халаалт дулаан доголдож байгаа зарим байруудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан дулааны станцаар орлоо. Энэ дагуу өчигдөр орой 21.00 цагийн үед аймгийн удирдах ажилтнуудтай шуурхай хуралдаан зохион байгуулж цаашид асуудлыг хэрхэх талаар хэлэлцлээ.

Тодруулбал, тулгамдаж буй гол асуудал болох халаалтыг яаралтай хэвийн горимд оруулахад хувь, хувьсгал гэлтгүй хамтран ажиллахыг үүрэг болгов. Хүйтний эрч суларч хавартай золготол дахин эвдрэл гэмтэл гаргахгүй байхад анхаарах, эхний ээлжинд дахин хөлдөлт үүсгэхгүй байхад яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.

“Бадамлах дөл” дулааны станцаас халаалт авдаг хэрэглэгчдийн хамгийн их санал гомдол дагуулдаг асуудал бол шугам сүлжээний эзэмшилтэй холбоотой асуудал байдаг. Тухайлбал, төв шугамууд тус станцын мэдэлд байдаг, харин салбар шугамууд орон нутгийн өмчинд буюу “Шим ус” ОНӨААТҮГ-ын харьяанд байдаг. Гэтэл “Шим ус” ОНӨААТҮГ тус шугам сүлжээний засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг хариуцдаг ч хэрэглэгчдийн дулааны төлбөрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй байна. Тиймээс дээрх эзэмшлийн асуудлаас болон зарим талаар засвар үйлчилгээ дорвитой хийгдэж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл, эзэмшлийн харилцан уялдаагүй тогтолцооноос үүдэлтэй буюу уг асуудлыг нэг талд нь гаргаж өнөөг хүртэл шийдвэрлэлгүй ирсэн олон жилийн сөрөг үр дагаврыг цаашид зөв голдрилд нь оруулах шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийнхэн онцолж байв.

Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнасан Эрчим хүчний яам болон бусад холбогдох газруудтай яаралтай холбогдож арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд уг асуудлыг дотооддоо шийдвэрлэж болох зүйлүүдийг бодлогын түвшинд нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болгов.

Халаалт доголдлын бас нэг гол үүсээд буй нөхцөл байдал бол усны алдагдал болоод байгаа. Уг усны алдагдал 2-р 60 айлын байранд байгааг өчигдөр орой тус хуралдааны өмнөхөн олж тогтоосон байна. Гадна шугам сүлжээнд ямар ч усны алдагдал үүссэн зүйл байхгүй бөгөөд мэргэжлийн хүмүүсийн таамаглаж буйгаар айл өрхүүд хий авах байдлаар бохирын хоолой руу паарны усаа урсгаж байх магадлалтайг хэлэв. Ингэж усыг гоожуулах нь дулааны станцын зуухны даралт огцом унахад нөлөөлж дулааныг хэвийн дамжуулах боломжгүй болдогийг анхааруулаад байгаа юм. Тиймээс айл өрхүүд халаалт жигдэрч хэвийн болтол ямар нэгэн байдлаар паарны усаа ихээр гоожуулахгүй байхыг холбогдох албаныхан санууллаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 9 =

Create Account



Log In Your Account