Нийтийн эрүүл мэнд
Монгол оронд нэлээн хэмжээгээр тархсан бэтгэрэх өвчний талаар судалгаа хийж буй судалгааны багийн гишүүд болох Японы JICA олон улсын байгууллагын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төслийн зөвлөх, доктор С.Ганзориг, “Хоккайда” их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Шимэгч судлалын лабораторийн эрхлэгч, профессор Н.Нонака нар Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт сургалт хийж, судалгааны тойм мэдээллүүдээ танилцуулав. Энэхүү бэтэг, бэтгэрэх өвчний анхдагч үүсгэгч нь байгальд байдаг тенийд гэдэг хорхойн өндөг бөгөөд үнэг, чоно нохойн бие организмаар дамжин ялгадсаар нь гадагшилж, халдвар тархаадаг байна. Ялангуяа улаан үнэг, мөн нохойнд уг өвчний үүсгэгч түгээмэл байдаг нь батлагдсан зүйл ажээ.
Бэтгэрэх өвчнийг уйланхайт бэтэг, цулцант бэтэг гэсэн хоёр үндсэн төрөлд ангилж авч үздэг. Өвчин тархсан бүс нутагт уйланхайт бэтэг өвчнөөр өвчлөгсдийн тоо 100 мянган хүн тутамд жилд дунджаар 1-ээс 200-ын хооронд хэлбэлздэг бол цулцант бэтэг өвчнөөр өвчлөгсдийн тоо 100 мянган хүн тутамд 0.03-аас 1.2-ын хооронд хэлбэлздэг. Эмчилгээ хийлгээгүй эсвэл дутуу эмчлэх юм бол уг өвчнөөр оношлогдсоноос хойш 10-15 жилийн дараа нас барах аюулд хүргэнэ. Уйланхайт бэтэг өвчний нас баралтын түвшин дунджаар 2-4 хувь байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй тохиолдолд нэмэгдэх эрсдэлтэй. Уйланхайт бэтэг нь хүний элэгний 70, уушигны 20 хувийг нь, тэрчлэн бусад эрхтнийг үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэгүүд нь ихэвчлэн элэгний уйланхайн диаметр 10 см-ээс илүү хэмжээгээр томорсон эсвэл эрхтнүүдийн эзэлхүүний 70 хүртэл хувийг цист буюу уйланхай эзлэх үед илэрдэг. Шинж тэмдэг нь маш удаан мэдэгддэг, 15 хүртэл жилийн туршид мэдэгдэхгүй явдаг ажээ. Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдүүдэд энэ өвчний онош илрэх нь цөөнгүй болсон гэнэ.
Бэтгэрэх өвчний халдвараас сэргийлэх гол арга зам нь ариун цэврийг сайтар сахих, нохой, тэжээвэр амьтны ялгадсыг хамгаалах бээлий, хамгаалах хэрэгсэлтэйгээр тогтмол цэвэрлэж, зайлуулж байх явдал юм байна.
Дэлхий дээрх тархалтын байдлыг үзвэл тооцоолсон тохиолдлын 90 хувь нь Хятадад бүртгэгдсэн. Мөн Казакстан, Киргиз зэрэг төв Азийн орнууд түүнчлэн Европ, Балтийн тэнгис орчмын бүсийн орнууд, Франц, Швейцарь, Герман, Австри зэрэг орнуудад тархалт ихээхэн нэмэгдсэн байна.
Монгол улсад анх 1921 онд бэтэгтэй хүн тэмдэглэгдсэн, 1950 онд мэс засал хийлгэсэн нийт өвчтний 7.8 хувь нь бэтгэрсэн гэсэн онош тогтоогдож байсан бол 1990 он гэхэд энэ тоо 1.9 хувь хүртэл буурсан. Гэвч 1993 он гэхэд зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт гэхэд дээрх тоо 18 хувьд хүрч өссөн. Цулцант бэтэг өвчний хувьд манай улсад 1982 онд анхны тохиолдол илэрсэн бөгөөд 2009 он гэхэд Орхон, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудаас нэмж илэрсэн байна. 2011 онд хийгдсэн судалгаагаар Өвөрхангай, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан уул, Улаанбаатар, Хэнтий, Дорнот, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь гээд Монгол Улсын бараг бүх аймаг, хотод уг өвчний үүсгэгчийг тээгчид байгааг тогтоосон.
1926- 1931 оны үед малын бэтэгт халдвар 69 хувьд хүрсэн гэж үзэж байсан бол 1950 он гэхэд өвчилсөн малын тоо 18.9-өөс 39.9 хувиар, улмаар 1961-1971 онд 1-10 хувиар тус тус буурсан бол 1985 он гэхэд мал, амьтны халдварлалтын байдал говийн бүсэд 10.9, хээрийн бүсэд 20.9, ойт хээрийн бүсэд 21.9 хувь байна гэсэн судалгаа гарч, улмаар 2014 он гэхэд Зөвхөн Баян-Өлгий аймагт гэхэд бэтэгт өвчний шинж тэмдэг бүхий малын тоо 13.3 хувьд хүрсэн гэсэн судалгаа байна.
Зооноз өвчин судлалын төвийн судлаач Б.Болорын судалгаанаас үзвэл 2006-2016 оны хооронд манай улсад бэтэг өвчний улмаас мэс засалд орсон өвчтний (хүний) тоо жилд дунджаар 60 байгаа нь 100 мянган хүн ам тутамд 2.2 тохиолдол байна гэсэн үг юм. Харин аймгуудад байгаа энэ өвчнөөр оношлогдсон өвчтний тоо нь жилд дунджаар 400 гаруйд хүрч бүртгэгдэж байна гэж судлаач үзсэн байна.
Манай улсад хүн ам тархай суурьшдаг, дэд бүтэц хязгаарлагдмал, ус, ариун цэврийн байгууламж хангалттай сайн биш, хүмүүс бэтгэрэх өвчний тухай мэдээлэл ойлголт муу, тэрчлэн нохойг хяналтгүйгээр үржүүлдэг, нохойн туулгалтыг тогтмол давтамжтайгаар хийдэггүй, мал няталгааны ариун цэвэр тааруу зэрэг нь уг өвчний халдвар тархалтанд нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна.
Тиймээс судалгааны цар хүрээг өргөжүүлэхээс гадна нарийвчлах, лабортори оношлогоог сайжруулах, иргэдийг мэдээлэлтэй ойлголттой болгож, халдвараас хамгаалах талаар ухамсар, хариуцлагыг нь өндөржүүлэх, паразит өвчинтэй тэмцэх арга хэмжээг тогтмолжуулах асуудлуудад чухалчилан анхаарах хэрэгтэйг судалгааны багийнхан онцлож байлаа. Түүнчлэн манай нөхцөлд хамгийн их анхаарах шаардлагатай зүйл гэвэл нохойг тогтмол давтамжтайгаар туулгалтанд хамруулах явдал зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.
1950-иад оны үед тэр үеийн Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд манай улсад судалгаа хийгээд бэтгэрэх өвчний гаралт их байгаа гол шалтгаан нь нохойгоо тулгахгүй байгаа явдал гэж тогтоон, улмаар нохойг тогтмол давтамжтайгаар туулгалтанд хамруулах болсноор 1990 он хүртэл өуг өвчний гаралт, тархалт нь 5-6 дахин буурсан гэсэн баримт байдаг юм байна.