“ТОРГОНЫ ЗАМ”-ЫГ ТОДРУУЛСАН БҮТЭЭЛ

By: Admin
2024-12-26
0
515

                                                         - Монгол нутаг дахь арилжаа худалдааны түүхэн өрнөлийг

                    үгүүлсэн судалгааны сонирхолтой бүтээлийн тухай -

Өвөр Монголын Багшийн их сургуулийн профессор Нарсу Ван Баярхүүгийн туурвисан “Чин гүрний умард хязгаарын торгон зам хийгээд Монгол худалдаа” хэмээх судалгааны бүтээлийг (ном) МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш доктор, профессор Гаябазарын Пүрэвдорж худам (хуучин) монгол үсэг бичгээс шинэ үсэг бичигт (крилл) хөрвүүлэн хэвлүүлжээ.

Энэхүү номонд юун тухай үгүүлсэн болохыг уншигч олноо мэдээлэх нь бичвэрийн гол чухаг зүйл мөний хувьд таниулбаас хэдийбээр номын нэрийг зохиогч өөрийн харъяалагдан буй Дундат улсын авир хандлага, ёс сурталд дөхөмцүүлэн “Чин гүрний умард хязгаарын торгон зам хийгээд Монгол худалдаа” хэмээн нэрийдсэн ч гэлээ уг ном нь бүхэлдээ Монгол улс үндэстний эрт гарвалаас (манай эриний нэг мянгаад оны үе) өдий сүүлч үеийг (ХIХ-XX зуун) хүртэлх худалдаа арилжааны төлөв байдал, өрнөлт хөгжилт, тэдгээртэй холбоотой бүхий л хүчин зүйлсийн тухайд ажиглан танихыг хичээж, холбогдолтой сурвалжууд, мэдээ зангиуд, судалгааны бүтээлүүд, ном туурвилуудыг оновчтой сонгон олж, шүүрдэн нягталж, танин болгоосноос гадна зарим анзаарагдамгүй зүйлсийг ихэд нарийвчлан шинжилсэн, сонирхолтой санал гаргалга дэвшүүлсэн, номонд авч үзсэн сэдвүүдийг системтэйгээр төрөлжүүлэн эрэмбэлэж, тоймлон багцлаж, санаа сэдлүүдээ цэгцлэн зурагласан нь нэн сонирхууштайгаас гадна олзуурхууштай санагдав. 

Nom2

Энэ номын Нэгдүгээр бүлэгт: Умард хязгаарын “торгон зам” гэх ухагдахууны тухай болон энэ нэрийтгэлийн үүтгэл хийгээд өөрчлөлт хувирлууд, “торгон зам”-ын үндсэн чиглэл шугам (маршрут)-ууд, тухайн зам дагуу дахь худалдаа арилжааны шинж байдлын тухай, Хоёрдугаарт бүлэгт: үгүүлэн буй арилжааны зам чиглэлийн бүс нутаг дагуух холбогдох асуудлуудыг Монгол оронд хэрхэн судалсан тухай судалгааны тойм, “торгоны зам” дагууд арилжаа худалдааны хөгжил хэрхэн явагдаж ирсэн, түүний шинж байдлын тухай (нэлээд дэлгэрэнгүй), Гуравдугаар бүлэгт: Монголчуудын худалдаа арилжаанд хандаж ирсэн түүхэн хандлага төлөв байдлын тухай, Дөрөвдүгээр бүлэгт: Гүй хуяа чэн буюу одоогийн Хөх хотод худалдаа арилжаа хэрхэн үүсч, өрнөж, дэлгэрч ирсэн тухай, Тавдугаар бүлэгт: манай Монгол Улс дахь Богдын хүрээний (Нийслэл хүрээ) арилжаа хөгжилтийн тухай, Зургаадугаар бүлэгт: хүн төрөлхтний түүхэн дэх арилжаа солилцооны сэтгэхүй, арга ухаанд эртний Монголчуудын (ялангуяа Монголын эзэнт гүрний үеийн) оруулсан хувь нэмэр, нөлөө, ухамсарын  тухай, Долоодугаар бүлэгт: Монголчуудын хувьд нэн эртнээс арилжаа, худалдааны тухайд баримтлаж ирсэн арга ухаан, цээр ёс, хуул дүрэм, тогтсон хандлагын тухай, Наймдугаар бүлэгт: зоос буюу мөнгөн тэмдэгт Монголын түүхэнд хэдий, хэдий үед ямар түвшинд хэрэглэгдэж ирсэн тухай, Есдүгээр бүлэгт: Монголчуудын худалдаа эрхлэж байсан онцлог төлөв, тэдгээрийн ахуй байдлын тухай, Аравдугаар бүлэгт: “Тал нутгийн торгон зам” хэмээгдэх худалдааны замын үүсэл, уг зам дагуух арилжаа худалдааны түүхэн өрнөл, хувьслын тухай тус тус дэлгүүн, тодорхой үгүүлжээ.

Номонд үгүүлснээр дундатчуудын нэрлэдэгээр “Хойт замын арилжаа”, манайхны болон зарим судлаачдын үздэгээр “Торгоны зам”-ын арилжааг нэрийтгэлийн хувьд үе үед, газар газарт янз бүрээр нэрлэж ирсэн, тухайлбал Санзайдоржийн бүтээлд (1857) үүнийг “худалдааны ард”, Агваанлувсанхайдавын (XYIII зуун) бүтээлд “мөнгө хүүлэх”, То вангийн бүтээлд (1853) “хятад наймаа” гэх мэтээр авч үзсэн, магад арваад янзаар нэрлэж байснаас зонхидоо бол “хятадын худалдаа”, “мөнгө хүүлэгч”, “хятад пүүс” гэж нэрлэх нь давамгай байсан гэжээ.  1644-1691 оны үед буюу Монгол Улс Манжийн харьяалалд орохоос өмнөх үед Монголчууд Хөх хот, Баян сүмийн хаалганд очиж худалдаа хийхийг Манж Чин улсаас зөвшөөрсөн ч өмнөд нутгийхан хийгээд өвөр Монголчуудыг Халх, Ойрадтай худалдаа арилжаа хийхийг хориглож байсан байна. 1691 оноос Халх Монгол манжийн эрхшээлд орж Хятад нугууд Монголд худалдааны ажлаар нэвтрэх хаалга нээгдсэн ч Манж Чин улсын төрөөс Хятадуудыг Монгол газарт дураар худалдаа хийхийг мөн хориглож байв. Харин ХIХ зууны дунд үеэс 1921 он хүртэл Монгол нутаг дахь хятад худалдааны хорио бүрмөсөн цуцлагдсанаар хятад наймаа, пүүсүүд Монголд нэвтрэн, нэг талаараа арилжаа наймаа идэвхжиж, торгоны зам дагууд худалдаачдын хөл нэмэгдэхэд гол түлхэц хүчин зүйл болсон тухай дурьдсан байна.

Тэрчлэн номонд үгүүлснээр зарим судлаачид Э.Эрдэнэжав (Өвөр Монголын профессор), Боу иүй шан (Өвөр Монголын Багшийн их сургуулийн дэд, профессор), Эсрэгсан (Өвөр Монголын Үндэсний дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль) нар нь “Монгол үндэстэн нь арилжаа худалдааг гадуурчлан үзэх бус харин эрхэмлэж, солилцоо гүйлгээг хүндэтгэж ирсэн түүхтэй ч худалдааны давхраатан бие даан бүрэлдэж чадаагүй шалтгаан нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн дотоод бүтэцтэй холбоотой” гэж дүгнэсэн аж.

Арилжаа наймааны тухайд илрэн гардаг Монгол хүмүүсийн зан байдлын нийтлэг хандлагын талаар өөрсдийн бүтээлд үгүүлсэн гадаад, дотоодын олон судлаачдын сонирхолтой бичвэрүүдийг цохлон сийрүүлсний зэрэгцээ

“Ханцуй дотроо хэлэлцэнэ гэдэг чинь

Хятад хүний наймаа хө

Халуун цайгаа уугаад ярилцана гэдэг чинь

Монгол хүний наймаа хө” хэмээн дуулдаг тухай, бас эд эдлэлээ магтан сайшаахдаа, тухайлбал дээлийг магтахдаа “өмсвөл дээл, хучвал хөнжил, хуйлвал дэр” гэхийн зэрэгцээ “төрд өмсвөл ч болно, түлээнд өмсвөл ч болно” хэмээн цэцэлдэг тухай гэхчлэн Монголчуудын танин болгоохуй, ахуй байдлаас улбаат онцлог төлөвийг оновчтой уялдуулан тайлбарласан нь цөөнгүй.

Мөнхүү өмнө цухас дурьдсанчлан хүн төрөлхтний түүхэн дэх арилжаа солилцооны сэтгэхүй, арга ухаанд Монгол үндэстний  (ялангуяа Монголын эзэнт гүрний үеийн) оруулсан хувь нэмэр, нөлөө, ухамсарын  талаар судар ном, сурвалж бичиг, түүхэн баримтуудаас эшлэн болгоож, чухал сонирхолтой саналууд цөөн бусыг дэвшүүлсний заримаас дурьдвал Монголчуудын өвөг дээдсүүд арилжаа солилцооны хэрэглэгдэхүүн буюу мөнгө зоосны тухай ухагдахууны анхны санаа сэдлийг хүн төрөлхтний ахуйн соёлд шигтгэн нэвчүүлсэн гэсэн санааг Монголын нууц товчооны үгүүлэмжээс эшлэл болгож, Карл Марксын “Капитал” хэмээх алдарт бүтээлдээ дэвшүүлсэн сонирхолтой санал сэлтээр баяжуулан гаргаж ирсэн, Монголчууд бүүр XIY. XY зууны үеэс уйгур зэрэг бусад иргэн нүгүүдэд мөнгөө зээлэн, түүнээсээ хүү үржүүлж, ашиг тооцож авдаг одоогийн банк санхүүгийн зээллэгийн анхдагч санааг хэрэгжүүлж байсан тухай, газрыг түрээслэх арга хэлбэрийг мөн л тэр үеэс амьдралд хэрэгжүүлж байсан тухай бидний тэр бүр мэддэгүй зүйлүүдийг түүхэн баримтаар, дэлгэр тайлбарлан үгүүлсэн, мөнгөн тэмдэгт, зоос мөнгийг хэрэглээнд нэвтрүүлсэн Монголын эртний түүхэн замналыг тусгай нэг бүлэг болгон тодорхой бичиглэсэн, тэдгээртэй холбоотой сургамжит зүйлс, сул талуудын үр улбааг ч сануулан айлдсанаараа яах аргагүй судлал шинжлэлийн дэлгэр ач өгөөжтэй бүтээл гэж хэлж болохуйц ном хэмээн хувьдаа дүгнэв.

Тэрчлэн “Тал нутгийн худалдааны зам” буюу Монгол нутаг дахь “Торгон зам”-ын чиглэл маршрут тус бүрийг салаа салбар, бүрээр нь судлаж тодруулж, таниулан зурагласан нь бас нэг сонирхолтой мэдээ занги болно. Эрдэмтэд судлаачид, сонирхогчид, уншигчид та бүхэн эл бүтээлээс цөөн бус сонирхолтой мэдэгдэхүүнийг олж үзэж болохуйц гэдгийг дашрамд дамжуулан мэдээлмой.

Хиргис Г.ТӨРМӨНХ    

             


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 4 =

Create Account



Log In Your Account