Монгол орны мөстлөгийн нөхцөл байдал та бидэнд сануулга өгсөөр буй

By: Admin
2024-11-06
0
93

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаа билээ. Учир нь дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330 км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршдог байна.  

Харин мөнх цаст мөсөн гол манай улсын хэмжээнд 225 байдаг бөгөөд Монгол орны мөсөн голын ихэнх хувь нь Баян-Өлгий аймагт байдаг. Ийнхүү тус аймагт 182, Ховдод 7 бүртгэгджээ. Харин Увс аймагт 33, Говь-Алтай, Завхан, Хөвсгөлд тус бүр нэг бүртгэгдсэн байна. Монгол Алтай нуруунд Монгол орны мөстөл, мөсөн голуудын 96% нь оршдог аж.  

Монгол Алтайн нуруунд манай орны мөстөл, мөсөн голуудын нөөц бараг бүхэлдээ оршино. Мөстөл бол уур амьсгалын бүтээгдэхүүн учраас түүний цаашид оршин тогтнох нөхцөл уур амьсгалын өөрчлөлтийн эрчмээс хамаардаг байна. Иймд мөстөл мөсөн голын хайлалт болон тухайн газар нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг тогтмол судлах, анхаарах зайлшгүй шаардлагатай юм. 

Ийнхүү мөстлөгийн дийлэнх хэсгийг эзлэдэг баруун аймгуудын хувьд Хар нуур-Ховд голын савд Монгол орны нийт мөстлийн талбайн 83.3 хувь буюу 347.4 ам км талбайтай мөстөл, мөсөн гол нийт 38 уулсад тархан оршино. Энд Монгол орны хамгийн том Потанин, Александр, Гране-гийн нийлмэл мөсөн голууд, Цамбагарав уулын хавтгай оройн мөстөл, Мөнххайрхан уулын хунхын мөстөл болон өлгүү, ханан, шовх оргилын зэрэг мөстлийн олон хэв шинжийн мөстөл, мөсөн гол бий. Эх сурвалж: А.Алтанхуяг 2021.07.18

Зураг дээр харж байгаачлан 2003-2020 оны судалгаагаар Потанины мөсөн голд хуримтлалын төв орчимд хамгийн их мөсний зузаан 229 м, үүнээс дээш ба доош ууландаа 148 орчим метр, мөсний хэл, зах орчимд 50-77 метр байна.  

Потанинд суурилуулсан автомат цаг уурын станцын мэдээнээс үзвэл хамгийн эрчимтэй үе болох сүүлийн 16 жилд агаарын температур 0.3 хэмээр нэмэгджээ. 

Sar 1

sar 2

sar 3 sar 4

2020 болон 2021 оны Потанины мөсөн голын хайлалт. Мөсний хайлалт 6/15/2020-8/28/2020    Мөсний хайлалт 6/21/2021- 9/4/2021 

Мөсний хайлалт 2020 оны ажиглалтын хугацаанд 119-439см, 2021 онд  190-390см тус тус байна.

 Дараагийн баримтыг авч үзвэл Баян-Өлгий аймгийн УЦУОШТ Мөстөл судлалын салбарын мэдээнээс үзвэл Потанины мөсөн голын хуримтлалын төв орчимд хамгийн их, 229 метр, үүнээс дээш ба доош буурах хийгээд ууландаа 148 орчим метр, мөсний хэл, зах орчимд 50-77 метр болсон байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй мөсөн гол, мөнх цэвдэгийн хайлалтыг даган газрын доорх усны түвшин хэрхэн өөрдлөгдсөнийг судласан байдаг. Энэхүү судалгаанаас үзвэл Баруун Монголд 54 ай савыг ялгасны дотор грунтын ус зонхилж тархсан 6 ай сав, уулс доторх артезийн 18 ай сав, уулс хоорондын артезийн, дутуу артезийн 30 ай сав орсон байдаг.

sar 5

Ховд голын хөндийд байрласан Өлгий хотын ус хангамжид ашиглаж буй аллювийн хурдас дахь ус агуулагч нүх сүвэрхэг бүрдэл, Буянт голын адаг орчмын садарга дээр байрласан Ховд хотын ус хангамжийн эх үүсвэр болж буй аллювийн хурдас дахь ус агуулагч нүх сүвэрхэг бүрдэл харьцангуй сайн судлагдсан бөгөөд нийлбэрээрээ 70.8 км2 талбайд 11.2 сая м3/жил нөөцтэй, аллювийн хурдас дахь зарим хэсэгтээ цэвдэг бүхий ус агуулагч нүх сүвэрхэг бүрдэлд 18892.9 км2 талбайд 1490.2 сая м3/жил усны нөөц байгаа гэж үзжээ.  

Хатуу үндсэн чулуулгууд дахь ус агуулагч ан цавлаг бүс 53.1 %-ийг эзэлж  29.7 сая м3/жил нөөцтэй бөгөөд 1.7 хувийг бүрдүүлж байна. Энэ нь Хар нуур-Ховд голын сав газрын хэмжээнд газрын доорх усны тархалт жигд биш бөгөөд усны нөөц хязгаарлагдмал шинжтэйг харуулж байна. 

Хэдийгээр ерөнхий дүр зургаар нь авч үзэхэд усны нөөц боломжийн мэт харагдаж байгаа ч гэсэн газрын доорх усны тархалт жигд биш, усны нөөц хязгаарлагдмал шинжтэй байгаа нь цаашид газар тариалангийн бүс нутгуудад газрын гадаргын усны түвшин багасч, хүрэлцээ хангамж муудаж байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг билээ. Иймд уг асуудалтай холбоотой иргэд олон нийтэд хүргэх ойлголт, таниулгын ажлыг эртнээс өгч, усны зөв зохистой хэрэглээнд дадуулах нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үзүүлэх бидний чухал хувь нэмрийн нэг юм.  

Түүнчлэн 2018 оноос эхлэн БОАЖЯ-ны санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн төвийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн усны горимыг судлах зорилгоор 2 цооног, Ховд аймгийн төвийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн усны горимыг судлах зорилгоор 3 цооногт сав газрын хэмжээнд нийт 5 цооногт мониторинг хийж байна.

Дээрх  хэмжилтийн үр дүнгээс харахад 4 жилийн хугацаанд цооногуудын усны түвшин 4-10 дугаар сард хур тунадас, голын урсацаас хамааран хэлбэлзсэн боловч өвлийн гачиг үед хэлбэлзэл багатай байгаа нь ажиглагдсан байна. Түвшний хэлбэлзлийн жилийн явцыг авч үзвэл 9 дүгээр сараас 4 дүгээр сарын дунд үе хүртэл усны түвшин 2-4м буурдаг бөгөөд хаврын шар усны үер, анхны хур тунадасаар тэжээгдэн, усны түвшин огцом нэмэгддэг байна. Өвөл хаврын газрын доорх усны тэжээмж багассан гачиг үеийн хэмжилтийг авч үзвэл ус олборлолтоос уст давхаргад ачаалал ирээгүй, усны түвшин буураагүй байна.  

Хэдийгээр дээрх судалгаануудаас үзэхэд та бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөл бүхий усны түвшин багасч, ус хомсдоогүй нь сайшаалтай ч гэсэн мөнх цас, мөстлөг хайлах үйл явц ажиглагдсаар байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь мөстлөг хайлах үйл явц нь байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэн судлаачид дараах байдлаар онцолсон байдаг. “Мөстлөг хайлах нь байгаль орчин болон хүний амьдралын хэв маягт ихээхэн нөлөө үзүүлнэ. Ингэснээр хөрсний чийг, ургамлын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж улмаар тухайн газар амьдрах ан амьтдын тоо толгой, тархац нутаг өөрчлөгдөх боломжтой. Нөгөө талаас мөстлөгийн эх авсан нуур, гол горхины усны хэмжээ татарч, ард иргэдийн амьдралд ч тодорхой сөрөг нөлөө үзүүлнэ. Судлаачид одоо өрнөж буй уур амьсгалын нөхцөл энэ хэвээрээ үргэлжилсэн тохиолдолд манай орны томоохон уулсын мөстлөг энэ зууны  төгсгөл орчимд хайлж дуусахыг тогтоосон байдаг байна. Өөрөөр хэлбэл, Мөнххайрхан уулын мөстлөг 2100 он гэхэд багасч, жижиг талбайд үлдэнэ гэсэн үр дүн гарчээ. Одоогийн байдлаар Мөнххайрхан ууланд 26 орчим км.кв талбайд мөстлөг тархсан байдаг аж. Харин 2100 он гэхэд 2-3 км.кв болно гэж судлаачид үзсэн байна. Мөн Мөнх сарьдаг, Сар уул, Хөх сэрхийн нуруу, Хотон уул, Отгонтэнгэр зэрэг уулс маш бага мөстлөгтэй. Отгонтэнгэр хайрханы одоо байгаа мөстлөгийн талбай 0.6 км.кв ба энэ нь ойрын жилүүдэд тус уул мөстлөггүй болохыг илтгэж болох юм. Бусад бага мөстлөгтэй уулс ч үүнтэй адил цас мөсөн малгайгаа удахгүй тайлах боломжтой.

Харин Монгол орны хамгийн их мөстлөгтэй уул Алтай таван Богд нь одоо байгаа мөстлөгийн талбайн хэмжээ 77 орчим км.кв хүрнэ гэжээ. Нэгэнт их хэмжээний мөстлөг агуулсан нөлөө талаас, хойд зүгт шахаж байрласан тул мөстлөг хайлж дуусах нь хялбар үйл явц биш гэдгийг онцолсон байдаг.

Иймд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхаарч олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг сайн түгээх нь юу юунаас чухал гэдгийг жилээс жилд таамаглахын аргагүй болж буй байгаль цаг уурын нөхцөл байдал хүн төрөлхтөнд байнга сануулсаар байна.

Сэтгүүлч: Ж.Саруул

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account