2024 оны УИХ-ын сонгуулийг ажигласан ОУСАХ-ны ажиглалтын урьдчилсан тайлан, мэдэгдлээс

By: Admin
2024-12-22
0
306

Олон Улсын Сонгууль ажиглах хорооны ажиглагчдын Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуулийг ажигласан ажиглалтын “урьдчилсан үр дүн, дүгнэлтийн талаарх мэдэгдэл”-ээс редакцийн товчлон сийрүүлсэн хувилбарыг тухайн байгууллага болон ажиглагчдын зөвшөөрлөөр нийтлэж байна.

6 дугаар сарын 28-ны өдөр болсон УИХ-ын сонгууль зохион байгуулалтын хувьд дажгүй болсон ч тэгш өрсөлдөх боломж хомс байсан нь сонгуулийн жинхэнэ утга зорилгод сөргөөр нөлөөлөв. Сонгууль явуулах эрх зүйн орчин нь боломжийн түвшинд бүрдсэн боловч хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахад  чиглэгдсэн стандартуудад нийцүүлэх талаар цаашид хийх зүйлүүд нэлээд байгаа нь харагдав. Сонгуулийн байгууллага сонгогчдын боловсролд чиглэгдсэн цогц хөтөлбөр гаргаж хэрэгжүүлсэн, нэр дэвшин өрсөлдөгчид нийгмийн сүлжээний болон бусад хэд хэдэн хязгаарлалтаас үл хамааран чөлөөтэй сурталчилгаа явуулж чадсан ч  хуульд заагдсан сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байсан нь олон жилийн түүхтэй том намуудад илт давуу тал боллоо. Түүнчлэн сонгууль угтаж, цалин нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх халамжийн шинжтэй хэд хэдэн хөтөлбөрүүдийг шинээр бий болгож, хувьцааны ногдол ашиг тараах, малчдад зээл олгох гэх мэт популист арга ажиллагаануудыг кампаничлан сурталчилсан нь эрх баригч намд үлэмж давуу байдлыг үүсгэв. Уурхайн талбарт ажилладаг иргэд гэх мэт зарим салбарын сонгогчид саналаа өгөх боломж хангалттай бүрдээгүй гэсэн санаа зовинолоо илэрхийлж байлаа. Хэвлэл мэдээллийн салбар өргөн хүрээндээ сонгуулийн сэдэвт ач холбогдол өгсөн хэрнээ мэдээ, сурвалжлага, дүн шинжилгээ бүхий мэдээллийн хөтөлбөрөө хязгаарлаж, эрх баригч намыг дэмжсэн мэдээлэл илт зонхилох хандлагатай байсан нь сонгогчдын мэдээлэлд суурилж сонголт хийх боломжчид сөргөөр нөлөөлөв. Санал хураалтын өдөр хэд хэдэн хэсгийн хорооны санал хураах байранд саналын хуудсыг нэгтгэх, санал баталгаажуулахад мөрдөх журмыг бүрэн дагаагүй нь санал тоолох үйл явцад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлөл бий болгов.

Хуульд хяналтын тооллого явуулж (гараар тоолох) үр дүнг баталгаажуулахаар заалт орсноос үл хамааран машинд санал тоолох үйл явцад эргэлзэх эргэлзээ сонгуульд оролцогч талуудад байсаар байгаа нь мэдэгдсэн. Мөн сонгуулийн үр дүнг хэрхэн хуурамчаар үйлдэж болох тухай дэлгэрэнгүй тайлбар нотолгоо байхгүй байгаа нь үүнд нэрмээс болж байна. Санал тоолоход ашигладаг цахим төхөөрөмжийн хөндлөнгийн баталгаажуулалт, гэрчилгээжүүлэх шаардлагыг хуульд тусгаагүй нь өмнө нь Ардчилсан институт хүний эрхийн газраас (цаашид АИХЭГ гэж товчлох) гаргасан зөвлөмжийг хэрэгсээгүйн илрэл бөгөөд төхөөрөмжид үл итгэх байдлыг нэмэгдүүлсэн бас нэг хүчин зүйл гэж болно.

Төрийн болон нийтийн албан хаагчдыг эрх баригч нам сонгуулийн кампанит ажилд туслахыг шаардсан нь сонгогчдын чөлөөтэй санал өгөх эрхийг үгүй хийж байна гэсэн буруутгал өргөн хүрээнд тархав. Сонгууль болохоос өмнө Засгийн газар, цалин нэмэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, “Шинэ хоршоо” нэртэй хөтөлбөр гаргаж малчдыг зээл тусламжаар дэмжих гэх мэт хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлснийг төрийн албан хаагчид сурталчилж, эрх баригч намын кампанит ажилд ашиглагдаж байв. Эдгээр байдал нь нам төрийн заагийг бүдэгрүүлж, эрх баригч намд давуу тал олгох хэрэгсэл болсон бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (цаашид ЕАБХАБ гэж товчлох) үүрэг амлалттай зөрчилдөж байгаа юм.

Үндэсний аудитын газар сонгуулийн сурталчилгааны зардлыг хянах, сонгуулийн тойргийн цар хүрээ, хүн ам зүйн байдалд үндэслэн зардлын дээд хэмжээг тогтоох үүрэгтэй. Олон улсын сонгууль ажиглагчдын хорооны (цаашид ОУСАХ гэж товчлох) хэд хэдэн ярилцагчид сонгуулийн зардлын хэмжээ хэт өндөр байгаа нь хэдийнээ бэхжсэн, парламентэд суудалтай улс төрийн намуудад болон намаасаа санхүүгийн ихээхэн нөөцийг гаргуулдаг нэр дэвшигчдэд давуу тал олгож байна гэдгийг тэмдэглэж байсан. Тэрчлэн Үндэсний аудитын газар сонгуулийн санхүүжилт, зардлыг хянах хуулиар хүлээсэн үүрэгтэй ч үйл ажиллагааны мониторинг хийгээгүй нь улс төрийн намын хуулийн эгэх хариуцлагад чиглэсэн заалтын ач холбогдлыг бууруулж байна гэсэн үг. Үндэсний аудитын газар нь хуулийн зөрчилд хориг арга хэмжээ авах эрх мэдэлгүй, мэдээллийг холбогдох байгууллагууд руу шилжүүлдэг чиг үүрэгтэй байгаа зэргээс харахад сонгуулийн компанит ажлын санхүүжилтийн тогтолцоонд хяналт тавих үр дүнтэй механизм байхгүй, зөрчлийг илрүүлэх, зогсоох хориг арга хэмжээ хангалтгүй байна. Үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдээр эх сурвалжийн олон талт байдалд суурилсан, эрэн сурвалжилсан, анализ дүгнэлт хийсэн мэдээлллийн хөтөлбөр бараг харагдсангүй. Энэ нь сонгогчдод мэдээлэлд суурилсан сонголт хийх таатай нөхцөл бүрдүүлж чадахгүй байгаагаас гадна сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингоос харахад Үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны хэд хэдэн телевиз эрх баригч намын мэдээллийг илэрхий давуу байдалтайгаар дамжуулсан байна. Эрх зүйн орчин, хууль хэрэгжүүлэх хандлага нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг боомилж байгаа баримтууд бий бөгөөд энэ байдал нь сэтгүүл зүй өөрийгөө цензурдахад хүргэж, нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Шүүхээр сонгуультай холбоотой хэрэг маргааныг шуурхай шийдвэрлэх журам байхгүй. Шүүхийн байгууллага хэдийгээр сонгуультай холбоотой маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрхлэхийг хичээж байгаа ч хуулийн хугацаа нь сонгуулийн цаг хугацааны хуваарьтай уялдахгүй байгаагаас зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөг бууруулж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нам, нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой 15 нэхэмжлэл хүргэгдсэнээс 5 нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, 10 маргааны тал хувийг нь нэхэмжлэлийг хангаж, СЕХ-ний шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн  боловч, шүүхийн шийдвэр гарахад сонгуулийн сурталчилгааны хугацаа аль хэдийн талаасаа өнгөрсөн байсан.

Санал авах өдөр ерөнхийдөө нам гүм, эмх цэгцтэй байсан бөгөөд зарим санал авах байрны зохион байгуулалт тохиромжгүй, санал тоолох төхөөрөмжийг буруу байрлуулсан зүйлүүд байв. Санал хураалт дуусмагц саналын тэмдэглэгээ автомат төхөөрөмжөөр тоологдон СЕХ-ны төв сервер рүү дамжуулагдсан. Хэд хэдэн сонгуулийн хэсгийн хороон дээр санал хураалт хаагдах, хяналтын тооллого хийх үеийн журмыг мөрдөөгүй нь ОУСАХ-ны ажиглагчдын зүгээс уг үйл явцад сөрөг үнэлгээ өгөхөд хүргэв.  Санал тооллогын тухайд хуульд төхөөрөмжөөр тоолсон дүнг албан ёсны гэж заасан бөгөөд хэрэв гараар болон төхөөрөмжөөр тоолсон дүн зөрөх тохиолдолд хэрхэн зохицуулах тухай, тэрчлэн гар тооллогын үйл явцыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Харааны бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үүднээс нийт санал авах байрны 98 хувьд нь томруулдаг шил, 93 хувьд нь брайл үсэгтэй маягт байрлуулах гэх мэт чухал арга хэмжээг авсныг онцлон тэмдэглье. Гэсэн хэдий ч санал авах байрны ердөө 40 хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд нэвтрэхэд тохиромжтой байсан юм.  

Өнгөрсөн өвөл байгаль цаг агаарын хүндрэл тохиолдож, зуд нүүрлэсэнтэй холбоотой 2024 оны 4 дүгээр сард мал ажуйн тогтвортой байдлыг дэмжих зорилготой шинэ хууль тогтоомж баталсныг эрх баригч намын ухуулагчид намаа сурталчилахад эрээгүй ашигласан хэмээн АИХЭГ-ын Сонгууль ажиглах хорооны маш олон ярилцагчид шүүмжилж байв. Оролцогч талуудын хувьд шүүхийн бие даасан байдал, сэтгүүлчдэд учрах дарамтын талаар санаа зовниж буй нь олон байв. Иргэний нийгмийн байгууллагууд санхүүгийн эх үүсвэр байдаггүй, хүний нөөц дутмаг, төрийн дэмжлэг байдаггүй, хүнд суртлаас үүдсэн саад бэрхшээл ихтэй, олон нийтийн идэвх оролцоо маш сул гэхчлэн олон сорилт бэрхшээлийн дунд яаж ийгээд үйл ажиллагаа явуулж байна. Сонгуулийн тойрог байгуулах тухай УИХ-ын тогтоолд шалгуур үзүүлэлтийн талаар дурьдаагүй боловч Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд “...сонгуулийн тойргийг байгуулахдаа хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулах”-аар заасан. Гэсэн ч 13 сонгуулийн тойргийн 11-ийнх нь сонгогчдын тоо дундаж тооны хязгаараас 15 хувиар хэтэрсэн байгаа ба үүнээс Улаанбаатар хотын 4 тойрог 50 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь саналын эрх тэгш байдлын талаарх олон улсын сайн туршлага болон АИХЭГ-ын өгсөн зөвлөмжөөс зөрж байна.

Олон улсын сонгууль ажиглах хорооны дийлэнх ярилцагчид сонгууль эрхлэсэн байгууллагын үйл ажиллагаанд итгэж байгаагаа илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч Сонгуулийн Ерөнхий хороо түүнчлэн доод шатны сонгуулийн хороодын хуралдаанууд олон нийтэд зарлагдаагүй, доод шатны сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлүүд хуулиар олон нийтэд нээлттэй боловч, нийтэд ил болсонгүй. Сонгуулийн Ерөнхий хороо 6 дугаар сарын 5-ны өдөр ганц удаа л хуралдсан бол доод шатны хороодын хуралдаануудын талаар олон улсын САХ-ны ажиглагчид бараг мэдээлэл авч чадаагүй юм.

Ерөнхийдөө Олон Улсын сонгууль ажиглах байгууллагын ярилцагчид сонгогчдын нэрсийн жагсаалт бүх сонгогчийг хамруулсан гэдэгт итгэж байгаа гэж байсан боловч “Улсын бүртгэлийн Ерөнхий газар аймаг бүрт сонгогчийн дахин бүртгэл хийсэн талаар хураангуй мэдээлэл өгөхдөө хангалттай ил тод байж чадаагүй нь эргэлзээ төрүүлж байна” гэдгийг илэрхийлж байсан. Мөн ОУСАХ-ны уулзсан зарим хүмүүс сонгуульд нэр дэвшсэн нэр бүхий ажил олгогчид өөрийн ажилчдаа дэвшиж буй тойрог руугаа шилжүүлж саналыг нь авахын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тасралтгүй шахаж байсан талаар мэдээлэв. Өнгөрсөн саруудад 70.000 иргэний шилжих хөдөлгөөн бүртгэгдсэний дийлэнх нь Улаанбаатар хотынх байв. Мөн зарим улс төрийн намууд сонгогчдын дахин бүртгэлийн тоон задаргааг авах хүсэлт гаргасныг УБЕГ хүлээж аваагүй байна. Задаргааг гаргаж өгөхөөс татгалзсан нь сонгогчдын нэрсийн жагсаалтын ил тод байдалд хязгаарлалт бий болгосон нэг зүйл юм. Сонгуулийн хуулинд нэр дэвших эрхтэй холбоотой хязгаарласан заалтууд байсаар байна. Төрийн болон орон нутгийн өмчит эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан тэрчлэн “төрийн жинхэнэ албан хаагч” ангилалд багтах төрийн албан хаагчид нэр дэвшвэл сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаа өгөх ёстой гэх мэт хязгаарлалт нь сонгогдох эрхийн талаарх олон улсын стандарт, ЕАБХАБ-ын үүрэг амлалттай нийцэхгүй байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зургаа дугаар сарын 10-ны өдөр эхэлж санал авах өдрөөс 24 цагийн өмнө дууссан. Үүнтэй холбоотой эрх зүйн орчинд ажиглагдсан зүйл гэвэл УИХ-ын гишүүд болон  улс  төрийн албан тушаалтан эрхэмүүдийг сонгуулийн сурталчилгаа явуулах хуулийн хугацаанаас хамааралгүйгээр өөрсдийгөө сурталчлахыг зөвшөөрчээ (тайлан тавьж болно гэх нэрийн дор). Уулзаж ярилцсан маш олон хүн УИХ-ын гишүүд, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон улс  төрийн албан тушаалтнууд, аймаг нийслэлийн Засаг дарга нар сонгууль болохоос хэдэн сарын өмнө (зарим нь бүүр жилийн өмнөөс) идэвхтэй компанит ажил явуулсаар байсан талаар мэдэгдсэн. Ажиглабаас нэр дэвшигчийн хувьд албан тушаалын үүргийг нэр дэвших эрхээс тусгаарласан шаардлага байхгүй, мөнхүү албан тушаалтан төрийн нөөцийг сонгуулийн кампанит ажилдаа ашиглахаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт хуулинд байхгүй байна. Амьдрал дээрээ нийтийн албан тушаалтнууд  улс даяар сонгуулийн компанит ажил өрнүүлж, түүнд дураараа идэвхтэй оролцож байв. Ерөнхийдөө маш богино хугацаатай сурталчилгааны өдрүүдэд шинээр байгуулагдсан том хэмжээний сонгуулийн тойргуудад кампанит ажил явуулахад бэхжсэн улс төрийн намуудад ихээхэн давуу талтай байсан нь хуулийн “зориудын цоорхой” гэж харж буй хүмүүс олон байлаа. Мөн нэр дэвшигчдийн нам эвсэл, хувь хүмүүсийн мөрийн хөтөлбөрт тавьсан “Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого, төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд нийцэх ёстой” гэсэн шалгуур нь үзэл бодлоо илэрхийлэх өөрийн улсын Үндсэн хуулинд заагдсан эрх,  олон урьгалч үзлийг боомилж буй явдал бөгөөд ЕАБХАБ-ын үүрэг амлалт, олон улсын стандарттай зөрчилдөж байгаа юм.   

Монгол Улс 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхий олон урьгалч хэвлэл мэдээллийн орчинтой. Интернетийн өргөн хэрэглээ нь телевиз радио, сониноос гадна мэдээлэл авах томоохон эх сурвалж болжээ. ОУСАХ-ны хэд хэдэн ярилцагчид хэвлэл мэдээллийн хараат бус орчин бүрдэх нөхцөл хангагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, үүнд бүтцийн шинжтэй олон асуудал байгааг онцлон, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн хараат бус тогтвортой орчин бүрдээгүй байгаа нь мэргэжлийн ёс зүйн стандарттай зөрчилдөж, олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг бууруулж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэчлэн ОУСАХ-ны хэд хэдэн ярилцагчийн хэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх нь улс төрийн хамаарал бүхий, эзэмшигчид нь хэвлэл мэдээллийг үндсэн бизнес гэж үздэггүй, харин өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад улс төрийн хөшүүрэг болгож ашигладаг. Мөн гэрээнд суурилсан тогтолцоо сэтгүүлчдийн дунд өргөн ашиглагддаг бөгөөд редакцын контент үйлдвэрлэх хөтөлбөрийн нэг хэсгийг эзлэх зорилгоор төлбөр санал болгодог байна. ОУСАХ-ны олж илрүүлснээр Монголын үндэсний олон нийтийн телевиз нь албан ёсны сонгуулийн компанит ажлын үеэр эрх баригч МАН намын мэдээллийг илэрхий давуу байдлаар дамжуулж байлаа. Тухайлбал МҮОНТ нь сонгуулийн мэдээллийн 37 хувийг МАН-д зарцуулсан бөгөөд эерэг эсвэл төвийг сахисан өнгө аястай байв. Мөн хэвлэл мэдээллийн мониторингод хамрагдсан бусад хувийн телевизүүд ч ижил өнгө аястай байв. ТВ9 телевиз нь Ерөнхийлөгч асны өмчлөлд байдаг бол одоогийн Соёлын сайд хатагтай Чинбатын Номингийн хувь эзэмшдэг Монгол ТВ нь мэдээллийн цагийнхаа 68 хувийг одоогийн эрх баригч МАН-ыг сурталчлахад зориулсан байна. Харин NTV телевиз МАН-ыг шүүмжлэх өнгө аястай байсан бол Eagl телевиз гол өрсөлдөгчдийн тухай мэдээллийг харьцангуй тэнцвэртэй дамжуулсан гэж үзэж болохоор ажиглалт хийгджээ. Ихэнх телевиз сонгуулийн сэдвээр төвийг сахисан, эрх баригч намд “тал зассан” байдалтай хандсан бол Itoim.mn -ны хувьд илүү шүүмжлэлтэй хандаж, АН-ын талаар хамгийн их мэдээлэл (39 хувь) дамжуулсан байна гэжээ.

Жич, нэмэлт тайлбар: Олон Улсын сонгууль ажиглах хорооны Ардчилсан институд хүний эрхийн газар, “Европын парламент” байгууллагын ажиглагчдын үйл ажиллагааны үр дүнд гарсан энэхүү урьдчилсан тайлан, мэдэгдлийг тухайн байгууллага болон ажиглагчдын зөвшөөрөлтэйгээр нийтэлж байгаа бөгөөд эцсийн албан ёсны тайланг сонгуулийн үйл явцаас хойш хоёр сарын дараа санал зөвлөмжүүдийн хамт бэлэн болгож, 2024 оны 9 дүгээр сард болох Европын парламентийн Төв Ази болон Монгол Улсын төлөөлөгчдийн уулзалтын үеэр танилцуулах юм байна.

Монгол Улсын УИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах Олон улсын сонгууль ажиглах хороо, Ардчилсан институд хүний эрхийн газрын албан ёсны ажиглагчдын тэргүүнээр Элчин сайд Женнифер Брашийг томилж, сонгууль ажиглах төлөөлөгчдийг ноён Томас Здечовскийгээр ахлуулан ажилласан байна. Сонгууль ажиглах тус үйл ажиллагаанд нийслэл хотод 13 шинжээч, хөдөө орон нутагт 18 шинжээч урт хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бол сонгуулийн санал авах өдөр АИХЭГ-аас томилогдсон нийт 30 улсын 199 ажиглагч, үүнээс 18 нь урт хугацааны ажиглагч, 151 нь богино хугацааны ажиглагч, мөн Европын парламентийн төлөөлөл болох 13 хүн оролцсон байна. Тэрчлэн санал авах өдөр улс даяар 75 санал авах байранд нээлтийг ажигласан бол 650 санал авах байранд санал өгөх үйл явцыг, мөн 64 санал авах байранд санал тоолох ажиллагааг ажигласнаас гадна СЕХ-ны санал хураалтын дүн гаргах үйл явцыг давхарт нь ажиглажээ.     

 

         


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 7 =

Create Account



Log In Your Account