“Төрийн тахилгатай Алтан Хөхий уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний бага хурал болов

By: Admin
2024-12-25
1
980

“Төрийн тахилгатай Алтан Хөхий уулын түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Ховд аймгийн ЗДТГ, Ховд их сургууль /МУИС-ын Ховд аймаг дахь салбар сургууль/, Мянгад сумын ИТХ, ЗДТГ хамтран 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Мянгад сумын Соёлын төвд зохион байгуулав.

Тус хурал, хэлэлцүүлэг нь үндсэн хуралдаан, “түүх, соёл, уламжлал” сэдэвт салбар хуралдаан, “байгалийн нөхцөл, онцлог” сэдэвт салбар хуралдаан  гэсэн гурван хэсэгтэйгээр явагдаж, Ховд их сургууль, Шинжлэх ухааны акедеми, Буддын соёлын Махагала нийгэмлэг, Ховд аймгийн БОАЖГ, Ховд аймгийн музей, Мянгад сум, Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбоо түүнчлэн бусад байгууллага газрын болон чөлөөт судлаачид оролцож, нийт 18 илтгэл (биеэр 15, ханаар 3) хэлэлцүүлсэн юм.  

Эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачдаас гадна ард иргэд, албан хаагчид хүүхэд залуус, сонирхогчид өргөнөөр оролцсонбөгөөд илтгэл бүр амьдралд ойр байж, судлаачид, иргэд, оролцогчдын сонирхолыг татаж байлаа.

Xuxii 1

Хэлэлцэгдсэн илгэлүүдийн талаар мэдээлвэл:

  1. Уул усны тайлга, тахилгын язгуур шинж, утга гарвал.
  2. Өнөө цагийн зарим сургамжууд.
  3. Уг уул, хайрханы нэрийн гарал, утга, өөрчлөлт.
  4. Хөхүй /Өндөр Хөхүй/ (уламжлалт нэршил) уулын төрийн тайлга, тахилгыг үйлдэх цаг хугацаа, ёс жаяг, дэг зохион байгуулалтыг эргэн харах тухай.
  5. Тахилгын сан судар, аман билгийн зүйлүүд.
  6. Уул хайрханы эзэд, савдагуудтай холбоотой ойлголт төсөөллийг тойрсон асуудлууд.
  7. Хөхийн овооны байршил зохион байгуулалт.
  8. Хөхүй /Алтан Хөхий буюу Өндөр Хөхүй/ уул, хайрханы сангийн судрууд, түүний бүтэц, утга, агуулга
  9. Төрийн тахилгат Алтан-хөхий /Өндөр Хөхүй/ уулыг тойрон нутаглагсад болох Мянгад угсаатны угсаа гарвал, түүх, соёлын асуудал.
  10. Хөхүй /Алтан Хөхий буюу Өндөр Хөхүй/ уул, түүний орчны бүс нутгийн археологийн дурсгалуудын онцлог.
  11. Хөхүй /Алтан Хөхий буюу Өндөр Хөхүй/ уул, хайрхан болон нутгийнхны шүтээнтэй холбоотой домог түүх, дом шившлэг,
  12. Мянгад түмэн Алтан Хөхий хайрханаа дуу аялгуундаа шингээсэн талаар,
  13. Алтан хөхий уул орчмын байгалийн нөхцөл нөөц, ус зүй, рашаан,
  14. Алтан хөхий /Өндөр Хөхүй/ уул орчмын эмийн ургамал, хөрсний тархалт,
  15. Хөхүйн нурууны ландшафт гоо зүйн аялал рекреаци, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн тухай гэсэн сэдвүүдээр зонхилох илтгэлүүд хэлэлцэгдсэн. Түүнчлэн:
  16. Мянгад хошууны сүм хийд, лам нарын тухай
  17. Газар орны эзэд, лусын тухай бөө хийгээд буддын утга соёл дахь ойлголтын учир
  18. Монголчуудын сүм хийд, тахил шүтээн, шашны үнэлэмжид гарч буй хувьсал, өөрчлөлт
  19. Цагаан бургасны голын түүх соёлын дурсгалт газрууд
  20. Алтан хөхий уул орчмын байгалийн нөхцөл нөөцийн талаар
  21. Алтан хөхийн байгалийн нөөц газар, тэнд амьдардаг хөхтөн амьтад, тэдгээрийн хамгааллын тухай илтгэлүүд, судалгааны ажлуудыг товхимолоос уншиж танилцах боломжтой юм. Xuxii 2

Үндсэн болон салбар хуралдаан тус бүрийн хүрээнд, түүнчлэн хуралдааны төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, үүний үр дүнд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймаг, сумын удирдлагууд болон холбогдох газруудад хүргүүлэхээр болсон. Мөн энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэгдсэн илтгэлүүдийг товхимол болгон хэвлэх бөгөөд хурлын зөвлөмж зэрэг бусад зүйлүүд ч уг товхимолд багтан хэвлэгдэж нийтийн хүртээл болох юм байна.

Хуралдаанаас гарсан зөвлөмжид:

  1. Уг уул хайрханы дуудах нэрийн талаарх судалгааг сайтар нягтлаж, түүхэн үнэнд тулгуурласан, нутаг зоныхны нийтээр зөвшөөх, дээдийн таалалд нийцэт нэрээр дуудаж хэвших /Хөхүй уул (хайрхан) гэсэн саналыг анхааран үзэх/  
  2. Тайлга, тахилга хийх улирал, цаг хугацааг эргэн харж, ултай судалгаанд үндэслэсэн оновчтой сар өдрийг сонгох.
  3. Уул хайрханы тахилга, тайлгын язгуур утга шинжийг сайтар судлаж нягтлан, утга холбогдол зан үйлийг нь тэр тал руу илүүтэй чиглүүлэх
  4. Хөхүй /түүхэн уламжлалт нэршил/ уул, хайрханы эзэд, савдагсын тухайд танин мэдэхүйн илүү бодитой зүйлсийг эрэлхийлэх, тахилга тайлгын ёслол, зан үйлийг тэдгээр эзэд савдагс, тэнгэр дээдсийн таалалд нийцүүлэхийг эрхэмлэн хичээх
  5. Уулын эзний дүр байдлыг тодруулах судалгааг үргэлжүүлэн явуулах
  6. Тахилга, тайлгын зан үйл, ёслолыг үйлдэхдээ язгуур утга холбогдлыг илүү анхаарах, ёслолын дэг жаягын тухайд язгуур утга холбогдлыг ухаж ойлгож, сэргээн нутагшуулах, өмнөх алдаа дутагдлуудаас сургамж авч хавтгайруулсан цуглаан, наадмаас зайлсхийх, байгаль орчныг бохирдуулахаас ямагт сэрэмжлэх.
  7. Тахилга тайлгын ёслол, зан үйлийн нийт олонд чиглэгдэх үйл нь танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд илүүтэй давамгайлж байхаар зохицуулах гэсэн гол санаанууд зонхилж байсан юм. xuxii 4Xuxii 3

Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account