"Ховд аймгийн төсөв, төрийн болон орон нутгийн худалдан авах ажиллагаан дахь хуулийн хэрэгжилт, засаж сайжруулах асуудлууд" бодлогын санал зөвлөмж

By: Admin
2024-12-23
0
1255

"Ховдын толь сонин" төрийн бус байгууллага Нээлттэй нийгэм форум сангийн санхүүжилт дэмжлэгээр Ховд аймгийн ЗДТГ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлж буй байдал, зарим худалдан авах ажиллагаанд хяналт мониторинг хийв. Мониторингийн хүрээнд хийгдсэн ажиглалт судалгааны дүгнэлтийг үндэслэл болгон дараах санал зөвлөмжийг гаргасныг толилуулж байна.

Нэг: Дүгнэлт  

Төсвийг төлөвлөх үйл явц

Мониторингийн ажлын хүрээнд бид Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харъялах төсвийг төлөвлөх, батлах, гүйцэтгэх буюу хэрэгжүүлэх мөн хяналт тавих үйл явц дахь зарим хуулийн хэрэгжилт, 2018 онд батлагдсан худалдан авах ажиллагаануудын тодорхой хэсгийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл түүний үр дүнд ажиглалт, судалгаа хийв. 

Өмнө нь манай байгууллага 2010, 2013, -2014 онуудад Ховд аймагт зохион байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зарим ажиллагааны зарцуулалт гүйцэтгэлийн үр дүнд мониторинг хийж байсан ба судалгаагаар нэжгээд худалдан авах ажиллагааны хувьд зарцуулбал зохих бодит зардлаас хэт өндөр төсөвт өртөг баталж,  тендер зарладаг, гүйцэтгэл нь дутуу хийгддэг, ашиглалтанд хүлээж авах комисс томилж ажиллуулдаг ч, уг комисс нь тухайн бараа, ажил, үйлчилгээний цаашдын тогтвортой үйл ажиллагаа явуулах, ашиглагдах чадварыг нягтлаж, үнэн бодитоор дүгнэлт гаргадаггүйгээс Ховд аймагт тус бүрдээ 25.0 саяас 5.0 тэрбум хүртэл төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийгдсэн, 10 гаруй обьект, байгууламжууд ашиглагдахгүй үхмэл хөрөнгө болж үлдсэн, зарим бараа ажил үйлчилгээнд бараг үр дүн гараагүй нь тогтоогдсон.  Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийн тулд  эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн төслүүдийн эргэн төлөлт хийгддэггүй нь мөн л төлөвлөлт, зохион байгуулалтын сул талтай холбоотой.

Цугларсан мэдээллийн хүрээнд дээрхтэй харьцуулан дүгнэж үзэхэд 2018 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санал сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгүүлэх /тендер/ хөрөнгө оруулалт, төсөл ажиллагаануудын зориулалтыг төлөвлөхдөө урьд жилүүдийнхээс харьцангуй бодитой хандсан гэж үзэж болохоор байна.

Ховд хотын болон сумуудын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл ажиллагаануудын хувьд тэрхүү сум багийн оршин суугчид иргэдийн дунд хэлэлцүүлж, ач холбогдолоор нь эрэмбэлэх маягаар сонгож батлах зарчим хэрэгжиж байгаа нь төсвийн үйл явц дахь хамгийн дэвшилттэй зүйл гэж хэлж болно. Гэсэн ч бодит нөхцөл байдлыг авч үзэх юм бол хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн хувьд тухайн сэдэв асуудлаар хэр зэрэг бодитой мэдээлэл агуулж байгаа, мөн асуудлыг ойлгох хийгээд асуудалд хандах хандлагаас ихээхэн шалтгаалж буй нь анзаарагдаж байна. Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн санал нь шийдвэрт тусгагдаж байгаа эсэхэд эргэж хяналт тавих боломж хомс байсаар байна.

Энэ 2018 оноос Тогтвортой амжиргаа -3 төслийн хүрээнд, Жаргалант сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хэрэгжилтэнд иргэд бие даан хяналт тавих боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажлууд зохиогдож, иргэдийг сургаж, мэдээлэлжүүлж байгаа нь олзуурхууштай. Гэвч үүнийг тухайн шатны засаг захиргааны түшмэлүүд зохион байгуулан, удирдаж байгаагаас харахад хяналт үнэлгээ хийсэн иргэдэд жинхэнэ хараат бус, бие даасан дүгнэлт гаргаж, олон нийтэд таниулах, мөрөөр нь арга хэмжээ авах боломж байгаа гэхэд эргэлзэж болохоор. Зүй нь хараат бус мэргэшсэн төрийн бус сектор энэ ажлыг чиглүүлэх аваас илүү үр өгөөжтэйгээр, хэрэгжих боломжтой ! Холбогдох хуулиудад ч ийм боломжийг хангасан заалтууд бий.

2013-2016 онуудад Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгогдсон зээлийн 80 хувь нь эргэн төлөлт хийгдээгүйн улмаас уг сангаас дахиж аливаа төсөл санхүүжүүлэхэд хүндрэл учирсан (ХХААХҮЯ-ны мэдээлэл), тендерийн үнэлгээний хороог бүрдүүлэх, сонгох, ирүүлсэн тендерийн саналуудыг үнэлэхэд төсөв захирагч болон улс төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан нөлөөлөхийг хичээдэг (аймгийн Өмчийн газар, худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын яриа), тендерт шалгарч гэрээ байгуулан, ажил гүйцэтгэж буй компани аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн мэдээллийг ил тод байлгах талаар маш хангалтгүй ажилладаг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болоод “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах” журмын заалтууд хэрэгждэггүй зэрэг анхаарвал зохих зүйлүүд байсаар иржээ.  

Төсвийн төлөвлөлтийн талаар зөвлөмж болгох нь

Орон нутгийн хөгжлийн сангаас бусад улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл ажилагааг төлөвлөж, батлахад ард нийтийн оролцоо хангалттай бус хэвээр байна. Иймээс төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд болоод нэгдсэн төсөвт бодитой, ач холбогдолтой санал оруулахыг эрмэлзэж буй иргэд байгууллага, олон нийтийн эвслийн саналыг нухацтай хэлэлцэх явдлыг хуулийн дагуу зохион байгуулж хэвших шаардлага байна үзэв.       

Монгол улсын төсвийн тухай хуулийн 67.3-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна” гэж заасан байгаа боловч энэ заалт үнэн хэрэг дээрээ хэрэгжихгүй явсаар ирсэн.

Мөн хуулийн 68.3-т ”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх” тухай заасан авч зарим нэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын санаачлага, хөөцөлдөлгөөр батлагдсан төсвийн аль нэг хэсгийг нь л (хөрөнгө оруулалт төсөл ажиллагааны жагсаалт төлөвлөгөө төдийг) хэвлэн нийтлэж, олонд толилуулахаас цаашгүй байна.

Иймээс цаашид төсвийн хуулийн 67.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг жил бүр зохимжтой хугацаанд нь цогц байдлаар зохион байгуулах, мөнхүү 68.3 дахь заалтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүрийн батлагдсан төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тухайн байгууллагын болон мэдээллийн цахим сайт, мөн орон нутгийн хэвлэлээр олон нийтэд хүргэж хэвших нь чухал байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт, төсөл ажиллагааг төлөвлөхдөө төсөвт өртөгийг нь нь урьдчилж нарийвчлан тооцолгүйгээр, тоймлон тооцдогоос төсөвт өртөг бодитой бус төлөвлөгдөх, төлөвлөлт, гүйцэтгэлийн хооронд зөрүү үүсэх явдал цөөнгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн:

1 -д “Захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг, шаардлагатай бол техник эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ

Мөн 48.3 -т. “Төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 45.4-т заасан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.” хэмээн хуульчилсан байдаг боловч амьдрал дээр бараг бүхий л төсөл ажиллагааны техник эдийн засгийн үндэслэл, техникийн тодорхойлолт, зураг төсөл, ажлын даалгаврыг хэзээ хойно боловсрлуудаг, ТЭЗҮ-ийг нь зайлшгүй урьдчилж боловсруулах шаардлагатай төсөл ажиллагаанууд байдаг ч, түүнийг хайхардаггүй, төсөвт өртөгийг нь нарийвчлан тооцолгүйгээр, таамгаар тоо тавьж баталдагаас батлагдсан төсөвт өртөг нь бодит амьдрал дээр хүрэлцэхгүй байх, эс бөгөөс хэт өндөр өртөг төсөвлөн батлагдсанаас их хэмжээний мөнгө хөрөнгийг үрэн таран хийх явдал нэг бус байдаг. Иймээс цаашид хөрөнгө оруулалт төсөл ажиллагааны жагсаалт төлөвлөгөөг батлахын өмнө тус бүрд нь ТЭЗҮ-г нь боловсруулах, төсөвт өртөгийг нь нарийвчлан тооцож гаргах боломжийг судлаж, арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг нь ажиглагдаж байна.

Хоёр: Дүгнэлт

 Төсвийн гүйцэтгэлийн үйл явц 

Хяналт үнэлгээ хийх явцад бид аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн сан дээр байгаа тендер шалгаруулалтын материал, гэрээ, гэрээний гүйцэтгэлийн тухай мэдээллүүд, тендерээр гүйцэтгэсэн бараа,, ажил, үйлчилгээг хүлээж авсан акт, дүгнэлт зэрэг баримт материалууд дээр судалгаа хийж үзэхэд ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн хариуцаж, бүрдүүлэх ёстой баримт бичгүүдийн бүрдэл дутуу /зарим төсөл ажиллагааны гэрээ байхгүй, сонгож авч ажиглалт судалгаа хийсэн төсөл ажиллагааны бараг 50 илүү хувь нь ашиглалтанд хүлээж авсан акт дүгнэлт, хүлээж авах комисс томилсон тухай мэдээлэл байхгүй, тендерээр худалдаж авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний тал  илүү хувь нь гэрээний хугацаагаа 14 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар хэтрүүлсэн байхад гэрээнд заасны дагуу хариуцлага тооцоогүй, гэрээний үүргээ жин тан биелүүлсэн гүйцэтгэгч бараг байхгүй гэх мэт салан задгай, хариуцлагагүй байдал их байна. Иймээс нутгийн захиргааны байгууллагын тухайн асуудлыг хариуцсан чиг үүрэг бүхий газар, хэлтсүүдийн ажлын хуваарь, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, давхардал, хийдлийг арилгах, баримт бичгийн бүрдэл, үнэн бодит байдалд цаашид онцгой анхаарах шаардлагатай гэж үзэв.

Урьд жилүүдэд хийгдсэн зарим хөрөнгө оруулалт төсөл ажиллагаануудын гүйцэтгэл хангалтгүй байснаас орон нутагт төдий хэмжээний хохирол учирсаар байгааг анхаарах шаардлага байгаа нь ажиглагдаж байна.

 /Тухайлбал 2017 онд тендер авсан  “Нью престиж” компаний гүйцэтгэсэн аймгийн төвийн орон сууцны орц, дээвэр пасадны засвар шаардлага хангаагүй тул оршин суугчид болон СӨХ нь жил тойрон гомдол, зарга үүсгэж, компаниас нөхөн төлбөр гаргуулан, дахиж засварлахаар тохиролцсон боловч уг компани нөхөн төлбөрөө гаргаж өгөлгүй зальдсан. мөн өмнө нь хийгдсэн зарим гудамжны гэрэлтүүлгүүд гүйцэд ажиллахгүй байгаа. 2013-2016 оны үед 25.0 саяас 5.0 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр, тендерээр хийгдсэн 10 гаруй обьектын зарим нь ор мөр ч үгүй болсон, зарим нь дутуу дулимаг болж, үр ашгаа өгөхгүй байгаа зэргийг эргэн тооцож, буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйд нийцнэ.  

ТБОНӨХБАҮХА тухай хуулийн дагуу тендерт шалгаран, гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж, бараа нийлүүлж буй компани, аж ахуйн нэгжүүд нь тухайн компаний товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээний гэрээний үнийн дүн, санхүүжилтийн хуваарь, ажил эхлэх, дуусах хугацаа болон авто зам, инженерийн шугам сүлжээний хувьд дайран өнгөрөх маршрут зэргийг багтаасан самбарыг төв суурин бүрийн олон нийтэд харууцтай газарт заавал байрлуулах үүрэгтэй байдаг ч өдгөө үүнийг хэрэгжүүлж байгаа ганц ч гүйцэтгэгч байхгүй байгаа тул ажил хариуцсан хүмүүс тендерийн гүйцэтгэлд явцын хяналт хийхдээ хуулийн энэ заалтыг биелүүлж буй эсэхэд заавал хяналт тавьдаг болгох. Цаашид зөвхөн самбар босгох замаар мэдээллийг ил тод байлгана гэснийг илүү дэлгэрүүлж, хуулинд “мэдээллийн цахим сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргээр давхар түгээх боломжийг бий болгоход чиглэгдсэн” нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг судлах, ажил хэрэг болгох шаардлага амьдралаас урган гарч байна.  

2.1. Төсвийн гүйцэтгэлийн талаар зөвлөмж болгох нь

ТБОӨХБАҮХАТ хуулийн 46.1.8-д “Барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх” тухай заасан байдаг боловч, 2018 онд Жаргалант суманд шинээр дулаан дамжуулах төв барьж байгуулах ажлын тендерийг зарлалгүй, жилийн эцэс хүртэл сунжруулсны эцэст хууль зөрчиж, шууд гэрээ байгуулахаар шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон зэрэг таагүй сургамжыг давтахгүй байхын тулд 2019 онд хуулийн дээрх заалтад онцгой анхаарч ажиллах нь чухал.     

Тэрчилэн тендерийн гүйцэтгэлийн явцын хяналтыг тогтмолжуулах нь ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх нэг чухал хүчин зүйл гэдгийг анхаарч ажиллах

Шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлийн чиг үүргийн зарим хэсгийг мэргэжлийн ТББ болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодит нөхцлийг судлах /ТБОНӨБАҮХАТ хуулийн 53.7/

Гүйцэтгэгчид гэрээний үүргээ дутуу биелүүлсэн нөхцөлд биелэлтийг заавал хангуулж байх талаар анхаарч, арга хэмжээ авах

Төсөв, хөрөнгө оруулалт, төр, орон нутгийн худалдан авах ажиллагааны үр дүн, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд мэргэжлийн төрийн бус байгууллагаар жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хэвших (хуулийн 52.3)

Техник технологийн нарийн шалгуур үзүүлэлт шаардсан ажил, үйлчилгээг хүлээж авах комисст тухайн чиглэлийн мэргэжилтэнийг заавал оруулж хэвших нь нэн чухал байна.   

Жич: Төслийн хүрээнд сонгогдсон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төсөл ажиллагаануудын хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнд хийсэн судалгааны дэлгэрэнгүй дүгнэлтийг төсөл ажиллагаа тус бүрээр нь хүснэгтээр гаргасныг хавсарган хүргүүлэв.

Гурав: Хөшөөт хөгжил сангийн үйл ажиллагааны тухайд 

“Хөшөөт хөгжил сан”-гийн журмыг эргэж харж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа нь ажиглагдаж байна

Үүнд: сангийн бүрдүүлэлтийн тухай уг журмын гуравдугаар зүйлийг 2017 онд батлагдсан Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон МоЭнКо компани хооронд хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудтай уялдуулж бүхлээр нь өөрчлөх,

Журмын 4.2.7-гийн “сангийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа шинжилгээ, хяналт, үнэлгээ хийхээр гэрээт талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж ажиллуулах, ажлын үр дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах” гэсэн заалтад иргэд, олон нийт, мэргэшсэн төрийн бус байгууллага, зорилтот бүс нутгийн иргэдийн оролцоог хангах талаар тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсвийн хууль, тусгай зориулалтын сангийн журам, ТБОНӨХБАҮХА тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцүүлэх

Журмын 4.2.5-д уг сангаас дэмжлэг үзүүлэх буюу санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сангийн удирдах зөвлөл сонгон шалгаруулах тухай заасан байдаг ч үнэн хэрэгтээ ийм сонгон шалгаруулалт явагддаггүй гэдэгт дүгнэлт хийж, цаашид хэрхэн зохицуулах талаар шийдэл гаргах

Журмын 4.1.2-т “удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулна” гэж заасан мөртлөө оролцуулалгүй явж ирсэнд дүгнэлт хийж, цаашид уг заалтыг хэрэгжүүлэх зэрэг асуудлууд байна.

Мөн уг сангаас санхүүжүүлж буй хөтөлбөр төсөл, арга хэмжээнүүдийн төлөвлөлт нь бодитой эсэх, ямар үр дүн гарч буй зэрэгт анхаарч, цаашид хэтэрхий үрэлгэн зарцуулалтаас зайлсхийх шаардлага харагдаж байна.  

  (Тухайлбал аймгийн Онцгой байдлын газрын “Говийн чоно” олон улсын сургуулилт арга хэмжээнд зарцуулах нийт 139.0 сая төгрөгийн 110.0 сая төгрөгийг нь  Хөшөөт хөгжил сангаас  санхүүжүүлсэн ба үүнд тухайн байгууллага нь /Онцгой байдлын газар/ хэт үрэлгэн зардлууд төсөвлөж баталсан /зөвхөн арга хэмжээний анос буюу зарлалыг хэвлүүлж байршуулах, самбар бэлтгэхэд 9.0 сая төгрөг, гарын бэлгэнд 6.0 сая төгрөг, зочид буудлын төлбөрт 50.0-аад сая төгрөг гаргасан, уг арга хэмжээг далимдуулан, компьютер, цахилгааны залгуур, холбооны станц гэх мэт байгууллагын оффисын хэрэгсэл, ажлын тоног төхөөрөмж авахаар их хэмжээний мөнгө төлөвлөж, гаргуулж авсан, сум байгууллага сурталчилах гэсэн зүйл ангиар их хэмжээний зардал гаргасан зүйлүүд байна.   

Улсын баяр наадам тэмдэглэхэд зориулагдах санхүүжилтийн хэмжээг хуульчилан баталсан байхад түүнээс 2 дахин илүү хөрөнгийг мөн сангаас гаргаж зарцуулсан, “Цайны зам” өв соёлын наадамд нийт 57.0 сая, Хөшөөт хөгжил сангаас 54.0 сая төгрөг зарцуулсан авч цаашдын үр дүнг бий болгоход чиглэгдсэн стратеги төлөвлөгөө байхгүй гэх мэт зүйлүүд ажиглагдлаа)    

Дөрөв: Ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцооны тухайд  

Монгол улсын төсвийн тухай хуулийн  6.5-д.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ гээд,

6.5.1-д: төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2-т төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

6.5.3-т төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.4-д төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.5-д: .хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

6.5.6-д: төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх хэмээн заасан байдаг.

Хуулийн энэхүү заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд зөвлөмж болгох нь :

Төсөв хэлэлцэх батлах үйл явцын тухай олон нийтэд ойлголт мэдээлэл өгөх ажлыг жил бүр урьдаас зохион байгуулж, тэднийг мэдээлэл авах, оролцох боломжоор хангах, үйл явцыг хэвлэл мэдээлэлээр болон байгууллагуудын цахим сайт бусад боломжтой сувгуудаар тухай бүр мэдээлэх

Төсвийн бүх шатанд олон нийтийн оролцоог хангахын тулд төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам болон холбогдох заавар дүрмүүдийг судлаж, энэ талаар системтэй төлөвлөгөө гаргаж ажиллах, үүнд мэргэшсэн Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооноос зөвлөгөө авах

Төсвийн хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн санал нь шийдвэрт тусгагдаж байгаа эсэхэд эргэж хяналт тавих боломж бүрдүүлэх

Төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангахын тулд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, мэргэжлийн төрийн бус байгууллагаар жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хэвших (хуулийн 52.3) иргэдийн хяналтын бүлэг ажиллуулах,

Төсвийн асуудлаар иргэд төрийн бус байгууллагаас гаргасан томоохон цогц шинж чанартай санал дүгнэлтийг тухай бүрд нь Засаг даргын зөвлөл, ИТХ-аар, хэсэгчилсэн зөвлөмжүүдийг тухайн асуудлыг хариуцсан газар хэлтэсүүдийн хүрээнд хэлэлцэж, гарсан шийдлийг тэр дариуд нь эргэж мэдэгдэж хэвших, энэ тухай тайлангаа улирал жилээр ИТХ-д тайлагнах, хэвлэл мэдээллээр мэдээлэх

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, энэ талаар хөндлөнгийн хяналт үнэлгээ, мониторингийг жил бүр хийлгэх шаардлагатай байгааг зөвлөн, сануулж байна.

Жич: Төслийн хүрээнд сонгогдсон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төсөл ажиллагаануудын хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнд хийсэн судалгааны дэлгэрэнгүй дүгнэлтийг төсөл ажиллагаа тус бүрээр нь хүснэгтээр гаргасныг хавсарган хүргүүлэв.

 “ИЛ ТОДЫН БУУХИА” ТӨСЛИЙН БАГ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account