Д.Эрдэнэдорж: Засгийн газар болон ХХААЯ-аас Хоршоог хөгжүүлэхэд гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж байна

By: Admin
2024-12-23
0
703

-Хоршоог хөгжүүлэх ямар боломжууд байгаа Засгийн газрын болон

 мэргэжлийн байгууллагаас ямар бодлого баримтлаж буй талаар

аймгийн ХХААГ-ын Үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга

 Д.Эрдэнэдоржтой товч ярилцлаа-

 

- Хоршоог дэмжиж хөгжүүлэх чиглэлээр аймгийн тухайн асуудлыг хариуцаж буй танай газраас /аймгийн ХХААГ/ ямар тодорхой бодлого баримтлаж ажиллаж байна?

- Засгийн газраас 2022 оныг хоршоог дэмжих жил болгосонтой холбогдуулан аймаг бүр хоршоог хөгжүүлэх чиглэлээр 4-5 томоохон бүтээлч ажил зохиохыг даалгасан. Ховд аймгийн хувьд яамнаас баримтлаж буй чиглэлийн дагуу нэгийн зэрэг загвар хоршоог бий болгох бодолтой байгаа.  Загвар хоршооны шалгууруудын нэг гэвэл хоршооны гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн нь 500.0 сая төгрөгнөөс дооошгүй байх явдал. Ингэснээр уг хоршооны үйл ажиллагааг дэмжиж, бусад эх үүсвэрээс  мөн төдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэх юм.

- Тэгэхээр тухайн хоршооны гишүүд нь хоршоондоо 500.0 сая төгрөгийн дүрмийн сан бүрдүүлэхийн тулд нэг гишүүнд дунджаар хичнээн төгрөг оногдоно гэсэн үг вэ?

- Дүрмийнхээ дагуу хоршоо нь 9-ээс доошгүй гишүүнтэй байх ёстой. Тэгэхээр ямар ч байсан нэг гишүүн саяас доошгүй гэдэг ч юм уу тиймэрхүү жишиг гарч ирж таарна.

- Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ямар ч төрлийнх байсан ялгаагүй юу, эсвэл зөвхөн малчдын хоршоо ч гэдэг юм уу, тийм байдлаар тэргүүлэх чиглэлийг нь тодорхойлсан зүйл байгаа юу?

- Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн хоршоонд илүү хамаатай гэсэн үг.

-Тэгэхээр бусад чиглэлийн хоршоонд бодлогын дэмжлэг хамаарахгүй гэсэн үг үү, тухайлбал үйлдвэр, үйлчилгээний, худалдааны, хадгаламж зээлийн гэх мэт.

- Хамаарна л даа. Загвар хоршоо бол ер нь олон төрлийн үйл ажиллагааг төвлөрүүлж явуулах хоршоо байж таараад байгаа. Жишээлбэл одоо манай аймагт Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршоог загвар болгож хөгжүүлэх боломжтой гэж бид харж байгаа юм. Тэр хоршоо маань мал аж ахуй, газар тариалан, малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээг боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээ гээд ийм олон төрлөөр ажиллаж эхэлж байгаа.

- Ховд аймагт ер нь хоршоог дэмжихэд чиглэгдсэн аливаа боломж байна уу?

- Дэлхийн ногоон хөгжлийн сангаас санхүүжилттэй Хүнс хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яамнаас хамтран хэрэгжүүлэх  “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” төсөл манай аймагт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа. Тэр төслөөс хоршоодыг чадавхжуулах, мэдээлэл, сургалт, мөн тоног төхөөрөмж олгох зэрэг хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр яригдаж байгаа.   

- Сум хөгжүүлэх сангийн журмыг хүчингүй болгож, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг шинээр баталсан. Үүнтэй холбоотойгоор хоршоод болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тус сангаас зээл олгох эрх нээгдэж байгаа гэж ойлгосон. Энэ ажил явагдаж эхэлж байна уу?

- Зээл олгох ажил аль ч суманд одоогоор эхлээгүй. Сумууд маань шинэ журмын дагуу төсөл сонгон шалгаруулах зөвлөл буюу хороо  мөн хяналтын зөвлөлүүдийг байгуулж, бүтцээ бий болгох ажлаа л хийж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээгээр уг санд нийтдээ 2.0 тэрбум орчмын нөөц бүрдсэн байгаа. Дүрмээр сум болгон тус тусдаа эх үүсвэрийн 15 хувийг санд төвлөрүүлж байж зээл олгох эрхтэй болно гэж журамд заасан байгаа.

- Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг эргэн төлөлтөөс Хоршоо хөгжүүлэх санд аймгийн хэмжээгээр одоо нийтдээ хичнээн төгрөгний эх үүсвэр төвлөрчихсөн байх ёстой билээ?

- Аймгийн хэмжээгээр нийтдээ 5.0 тэрбум төгрөг төвлөрсөн байх ёстой. Түүний 40 орчим хувь нь л төвлөрөөд байна гэсэн үг.

- Зээлийн эргэн төлөлт хангалтгүй хэвээрээ л байгаа байх нь ээ?

- Ер нь бол тийм байна.     

- Тэгэхээр одоо журам нь батлагдчихсан юм чинь сумууд бүтцээ бий болгоод, сонгон шалгаруулалтаа зарлаад, нэг их удахгүй зээлээ олгож эхлэнэ гэсэн үгүү?

- Журмын дагуу бүтэц энэ  тэр нь бүрдээд, хоршоо хөгжүүлэх сангийн төвлөрвөл зохих хөрөнгө нийт дүнгийнхээ 15 хувьд хүрээд ирэхээр сонгон шалгаруулалт зарлах шийдвэрээ гаргаад явах байх.

- Улс болон аймгаас хоршоо хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг өсгөхийн тулд журмынх нь хүрээнд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар судлаж байгаа болон шийдвэрлэхийг хичээж байгаа зүйл байна уу?

- Одоогийн байдлаар тийм зүйл алга байна. Эдийн засгийн тийм боломж байхгүй байгаа байхаа.

- Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд санд төвлөрөх ёстой 5.0 тэрбум гаруй төгрөгний дөнгөж дөч хүрэхгүй хувь нь бүрдсэн гэж байна. Манай байгууллага энэхүү сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаан дээр шинжилгээ, үнэлгээ хийсэн учраас байдлыг мэдэж байна л даа. Үнэндээ гэвэл өнгөрсөн жилээс хойш эргэн төлөлт дорвитой нэмэгдээгүй юм байна. Эргэн төлөлтийг сайжруулах талаар аймаг, сум олигтой ажил зохиохгүй, хариуцлагыг сайжруулахгүй, ийм байдалтай байсаар байвал хоршоо хөгжүүлэх нөхцөл бүрдэтлээ их удах юм шиг?

- Харин тийм тал байна. Ямар ч байсан олгогдсон бүх зээлийг Монгол банкны зээлийн  мэдээллийн санд нэгтгэсэн, зээлээ төлөөгүй зээлдэгчдэд дахиж зээл олгохгүй болж байгаа учир хүмүүс бага багаар төлөх байх л гэж найдаж байна.

- Аймгийн хэмжээгээр нийтдээ хэдэн хоршоо үйл ажиллагаа явуулж байна?

- Нийтдээ 200 гаруй хоршоо бүртгэлтэй байгаа, үүний 100 гаруй нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоршоо байна. Гэхдээ одоо хоршоог үнэлэх үнэлгээний шалгуур боловсруулж байгаа. Тэгээд түвшин тогтоох үзлэг явагдана гэсэн үг.  

- Ярилцсанд баярлалаа    

 

Г.Энхжаргал                     


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 7 =

Create Account



Log In Your Account