“Цагаан эрэг”-ийн асуудал ба хуулийн сэгэрхийнүүд

By: Admin
2024-12-23
0
773

                                          1.Төрийн байгууллагуудад

                                хариуцлагын тогтолцоо дутмаг байна  

             “Цагаан эрэг” дэх нөхөн сэргээлт нэртэй, хууль бус олборлолт, үйл ажиллагааны тухайд 2016 оноос хойш мэргэжлийн байгууллагуудаас явуулсан хяналт, шалгалтын мэдээлэл, дүгнэлтүүдийн талаар, хамгийн гол зүйл нь нөхөн сэргээлт нэрийн дор нэр бүхий аж ахуйн нэгж, компаниудын явуулсан хууль бус, гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш уг хэргийг шалгах явцад хохирлын үнэлгээ хийгдсэн эсэх нь мэдэгдэхгүй, Мянган угалзатын БЦГХЗ, Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ, ЗДТГ, аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-ууд тодорхой мэдээлэлгүй байсан тул уг асуудлыг тодруулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн бичгийн даргад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай мэдээлэл хүссэн албан бичгийг хүргүүлж, хариуг хүлээсэн юм. БОАЖ-аас ер хариу өгөхгүй байсан тул утсаар харилцахыг хичээсэн. Гэвч бичиг хэргийн ажилтан нь анхандаа “бичиг хэнд цохогдож очсоныг хэлж болохгүй” гэсэн хариу өгснөөс хойш, утсаа ер аваагүй болно. Уг бичгийн хариу болох 10 дугаар сарын 01 гэсэн огноотой. 03/4597 дугаар албан бичиг БОАЖ-ын яамнаас 10 дугаар сарын 20-нд ирсэн бөгөөд “танайхаас хүссэн  мэдээлэл нь манай яаманд байхгүй. Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл авна уу” гэсэн байсан. Аймгийн холбогдох байгууллагаас урьд нь бидний авсан мэдээллээр бол 2018 онд явагдсан хяналт шалгалтын улсын комисст голлох үүрэгтэй  ажилласан байгууллага нь БОАЖЯ гэсэн байтал, ийнхүү манай яаманд энэ тухай мэдээлэл байхгүй гэж хариу ирүүлснээс гадна, мэдээлэл хүссэн бичгийнхээ хойноос асууж, бичиг цохогдож очсон мэргэжилтэнтэй нь холбогдож, тайлбар тодруулга өгөх, мэдээлэл солилцохыг хүсэх бүрийд уг яамны ажил хариуцсан хүмүүс нь тийм боломжгүй, бичиг хэнд цохогдсоныг хэлэхгүй гэхчлэн хүнд суртал гаргасаар  бараг 2 сар болсон нь ажилд ихээхэн хүндрэл учруулж байлаа.

           Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авилгатай тэмцэх газар, Баян гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандаж, мөн утсаар холбогдон мэдээлэл хүсэхэд бүгд манайд мэдээлэл байхгүй хэмээн тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Авилгатай тэмцэх газрын байцаагч нь /Мижиддорж гэх хүн/ энэ талаар мэдээлэл өгөхгүй, бичгийн хариуг ч бид хүргүүлэхгүй гэсэн. Уг хэрэг нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 11 сарын 15-ны өдөр хэлэлцэгдэж, хэргийг таслан шийдвэрлэсэн. Байгаль орчныг хамгаалах  тухай хуулинд зааснаар  /49 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг/ “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ” гэсэн байх тул хэргийг мөрдөх ажиллагааг явуулахдаа хохирлын үнэлгээг үүний дагуу мэргэжлийн байгууллагаар тооцуулсан байх учиртай хэмээн үзэж, манайхаас шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны дараа хэд хэдэн удаа хүсэлт илгээж, утсаар холбогдон, хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирлын үнэлгээ хийгдсэн эсэхийг эрэн сурвалжлах ажлыг 3 сарын турш явуулсны үр дүнд 2018, 2019 онд “Тод хангал” компаний хийсэн Цагаан эрэгт явагдсан хууль бус  ажиллагааны улмаас үүссэн хохирлын үнэлгээ хавтаст хэрэгт хавсаргагдсан гэсэн аман мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдсан, хэрэг хянан шийдвэрлэх шатандаа байгаа тул хохирлын үнэлгээний дүгнэлтийн тухай  мэдээлэл өгөхгүй гэсэн болохоор бид Тод хангал ХХК-тай холбогдохыг хичээж мөн сар гаруй хөөцөлдөж байж утсаар ярилцсан ч,  “тухайн үнэлгээг хийх үед компанийг удирдаж байсан хүн нь нас барсан бид мэдэхгүй, гэхдээ хайя” гэсэн юм. Гэсэн ч эцэстээ үнэлгээ хийсэн баримт материалын хувь нь уг компани дээр байхгүй болж таарсан. Манай төслийн стратегийн өмгөөлөл хийхээр сонгож авсан сэдвийн зорилго нь “Цагаан эрэг”-ийн гянт болдын илрэц бүхий орд газарт нөхөн сэргээлт нэрийн дор явагдсан хууль бус ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэж, уг эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх ажил хэт удааширч 4 жилийн нүүр үзсэний далбаан дор, шүүхэд шалгагдаж байгаа гэдэг нэрээр Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг газарт учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгож, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг чиглүүлэн зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ (Байгаль орчныг хамгаалах тухай хууль) биелүүлэхгүй, аймаг сумын Засаг дарга, Тамгын газар нь энэ асуудлаар шаардлагатай бол шүүхэд хандах боломжоо ашиглахгүй байсаар байгаагын шалтгааныг судлан тодруулж, шүүхийн өмнөх шатанд арга хэмжээ авахуулах, төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлж, хохирлыг арилгах ажлыг зохион байгуулахад чиглэгдсэн шийдвэр гаргуулах явдал байсан. Тиймээс бид энэ зорилгодоо хүрэх чухал зорилт болох хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хийгдсэн эсэхийг мэдэж, хэрэв хийгдээгүй бол эрх бүхий газраар шийдвэр гаргуулж үнэлгээг хийлгэхийн төлөөнөө дахин БОАЖЯ, хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг явуулж буй шүүх, прокурорт хандах шаардлага тулгарсан болно.  

         Эндээс дүгнэлт хийхэд: манай байгууллагын хэрэгжүүлсэн буй стратегийн өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудаас хуулийн хүрээнд мэдээлэл авахаар хандахад хариуг хуулинд заасан хугацаанд (хуучнаар Мэдээлийн ил тод байдал,  мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 14.9 дэх заалт, шинээр 2022 оны 5 дугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1, 15.6.2, 15.7 дахь заалт) өгсөн ганц ч тохиолдол байсангүй ихэнхдээ уг хугацааг 20-оос дээш хоногоор хэтрүүлж, заримдаа араас нь нэхэл дагал болж хөөцөлдөхгүй бол огт хариу өгөхгүй байх нь жирийн үзэгдэл болж байсан нь төрийн байгууллагуудыг дээрх хуулиудад заасан үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь дорвитой хөшүүрэг болохуйц хариуцлагын тогтолцоо байхгүй, “гэмт хэргийн шинжгүй бол “Төрийн албаны тухай хуулинд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байдаг авч, энэ мэтээр төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байгаа нөхцөлд хэрхэн хариуцлага тооцох тухай зохицуулалт Төрийн албаны тухай хуулинд байхгүй байгаа юм. Түүний зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэсэн нь бүрхэг утгатай, эрх бүхий этгээд нь хэн болохыг тодотгож заагаагүй, зайлшгүй ажлын шаардлагаар дээрх 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй танилцахыг хүссэн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгэм, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор ажилаж буй иргэн, хуулийн этгээдийг тухайн мэдээллийг олж авах эрхээр хангасан заалт байхгүй байгаагаас болж зарим тохиолдолд мэдээлэл эзэмшигч этгээд түүнийг санаатайгаар нууцлах боломж олгож буй байдал ажиглагдаж байгаа юм!  

TsE1

              Төслийн багаас зохион байгуулан 10 сарын 07-ны өдөр онлайн уулзалт хийж, аймгийн ИТХ-ын албаны дарга, ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн БОАЖГ, МХГ-ын удирдлага болон улсын байцаагчдыг байлцуулан  санал бодлоо солилцсон бөгөөд эдгээр албаны хүмүүсийн хэн нь ч уг асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүй, баримтлаж байгаа байр суурь байхгүй, “асуудал дээд газруудад хянагдаж Авилгатай тэмцэх газарт болон шүүхэд шилжсэн тул тэр шийдвэрийг хүлээнэ” гэхээс өөр тоймтой юм хэлэхгүй байсан бөгөөд Мянган угалзатын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа энэ талаар тодорхой мэдээлэл өгч хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Дараа нь 10, 11 сард эдгээр газруудын гол холбогдох хүмүүстэй тусгайлан уулзах, утсаар холбогдож ярилцах, цахим шуудангаар харилцах зэргээр санал бодол, байр суурийг нь судлаж, мэдээлэл солилцох ажлыг үргэлжлүүлсэн. Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран 2022 оны 2 дугаар сард хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авч, хохирлын үнэлгээг бодитой тогтоох, нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах тухайд  шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан хүсэлтийг Байгаль орчин аялал жуулчиллын яаманд илгээж, утсаар холбогдон тайлбарласаны үр дүнд БОАЖЯ-наас уг асуудлыг шийдэх ажлыг Ховд аймгийн Засаг даргад даалгаж, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09/1442 дугаартай албан бичгийг Ховд аймгийн Засаг даргад  хүргүүлсэн. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас тодорхой алхам хийхгүй таг чиг байсан тул “Шинэ эвлэл ОНСХ” ТББ-аас зөвлөлдөх уулзалт зарлаж, аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, МХГ, Цэцэг  сумын ЗДТГ, Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаа тэрчлэн зарим ТББ-уудад албан бичиг, урилга хүргүүлэн 4 дүгээр сарын 26-нд зөвлөлдөх уулзалтыг дахин зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд эрх зүйн түвшинд эргэлзээтэй байгаа зарим зүйлс, тэрчлэн хохирлын үнэлгээ бодитой хийгдсэн эсэх гэсэн асуудлыг БОАЖЯ болон хяналт шалгалтын байгууллагууд, мөн шүүхээс тодруулж, тодорхой болсны дараа хэрхэх талаар БОАЖЯ-тай зөвшилцөх гэсэн шийдэл гарсан.  

2. Хууль шүүхийнхэн нь өөрөө хуулийг

хэрхэн завхруулдаг бэ?

Хэргийг мөрдөн шалгаж, хянан шийдвэрлэх явцад тухайн ажиллагааг гүйцэтгэсэн хууль шүүхийн байгууллагууд нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд заасны дагуу үнэлүүлж, хохирлыг тооцуулсан эсэхийг төслийн баг олж мэдэх гэж ихээхэн хүндрэлтэй бүрхэг нөхцөл байдлыг туулан ажилласан бөгөөд үүнтэй холбоотой баримт мэдээллийг олж мэдэхийн тулд БОАЖЯ-нд Ховд аймгийн Засаг даргын нэрээр хүсэлт хүргүүлж /Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1039 дугаар албан бичиг (бичгийг төслийн багаас төлөвлөж өгсөн)/. Тэгтэл БОАЖЯ аймгийн Засаг даргын уг албан бичигт огт хариу өгөлгүй хоёр сар өнгөрсөн учир төслийн багийнхан аймгийн ЗДТГ-ын өмнөөс БОАЖЯ-тай удаа дараа холбогдож тодруулахад хэнд, ямар мэргэжилтэн, албан тушаалтанд цохогдсон нь мэдэгдэхгүй нэлээн чирэгдэл болсны дараа бичгийн хариуг бичгээр хүргүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч Ховд аймгийн ЗДТГ-ын бичиг хэргээс шүүж үзэхэд БОАЖЯ-ныхан худал хэлсэн нь илэрсэн юм. /БОАЖЯ-ны мэргэжилтэн, Ховд аймгийн ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгч нарыг  хооронд нь утсаар яриулсан ярианы бичлэг буй/. Улмаар яам энэ талаар аймгийн ЗДТГ-тай ч, төслийн багтай ч дахиж холбогдохгүй байсан тул учир шалтгааныг дахин тодруулахаар төслийн багаас бичиг төлөвлөн, Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй зөвшилцөж, Засаг даргын нэрээр БОАЖЯ-нд илгээхээр 8 дугаар сарын 20-нд оруулж өгсөн боловч ЗДТГ-ынхан уг бичгийг албажуулж илгээлгүй дахин сар илүү болж, төслийн багаас удаа дараа шаардсаны дараа сая нэг Засаг дарга руугаа оруулсан боловч Засаг дарга нь (2022 оны 9 дүгээр сард МАН намын удирдах зөвлөл, Засгийн газрын шийдвэр гэх нэрээр хуучин даргыг ажлаас нь чөлөөлж, Улаанбаатараас шинээр томилогдож ирсэн Засаг дарга Э.Болормаа  )/виз/ зөвшөөрөл өгөхгүй, судлаж байж явуул гэх мэтээр /мэргэжилтнүүд нь хангалтай судлагдчихсан, яаманд илгээх шаардлага хангагдсан бичиг гэж үзэж байсан ч/ элдэв шалтаг гарган гацаасаар, дахин 2 сар гаруйгийн нүүрийг үзэв. Үндсэндээ Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, түүний Тамгын газар БОАЖЯ-нд нэг нүүр хүрэхгүй бичиг төлөвлөж явуулах гэж бүхэл бүтэн 4 сарын нүүр үзэв. Сүүлдээ төслийн ахлагч энэ байдал арай хэтэрч байгааг хэлж, ЗДТГ-ын ХБХ-ийнхэнд нэлээн ширүүхэн үг хэлж, хэрүүл уруул болсны эцэст энэ бичгийг Засаг даргын орлогчийн гарын үсэгтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 7 өдрийн огноотой, 1/2043 дугаартайгаар БОАЖЯ руу явуулсан болно. БОАЖЯ харин хэрхэн хандах нь тодорхойгүй хүлээгдэж байгаа билээ.         

              Цагаан эрэгт нөхөн сэргээлт нэрийн дор нэр бүхий компаниудын /зарим албан тушаалтан, эрх мэпэл бүхий хүмүүсийн оролцоотой/ явагдсан хууль бус, гэмт үйлдлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг анх 2021 оны 4 дүгээр сард товолсон байсан нь хойшилж, 10 дугаар 21-нд дахин товолсон боловч зарим хариуцагч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирэх боломжгүй болсон гэх нэрийдлээр 11 сарын 15-ыг хүртэл, түүнээсээ бас дахин хойшилж 11 сарын 29-нд шүүх хуралдаан болж хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж, шүүхийн тогтоол гарсан байдаг. Гэвч хариуцагчид буюу яллагдагчид давж заалдсан бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай хэмээн прокурорт буцаасан. 2022 оны 5 дугаар сарын үеэс авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгагдаж эхэлсэн. Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ /уг хэргийг Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны журмаар шүүн тасалж, тогтоол гаргасан/ шийтгэх тогтоол буюу шүүхийн шийдвэрээ хуулийн дагуу ил тод тавиагүй, тэр ч байтугай хэргийн хохирогчдыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хохирогчдод шүүх хуралдааны шийдвэр тогтоолын хувийг ирүүлээгүй зэрэг ноцтой асуудал байгаатай холбоотойгоор, стратегийн өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас  шүүхийн тогтоолоо гаргаж үзүүлэхийг хүссэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11/58 дугаар албан бичгийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөн хүргүүлсэн. Харин Баянгол дүүргийн ЭХАШШ уг албан бичигт 2022 оны 6 дугаар сарын 27-ны 403 дугаар бичгээр хариу өгөхдөө “тухайн эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тул шийтгэх тогтоолыг хуулбарлах, хавтаст хэргээс баримт  хүргүүлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд “шийтгэх тогтоолоо яагаад хуулийн дагуу шүүхийнхээ цахим санд байршуулаагүй вэ?” гэсэн асуултанд мөн л “хэргийг хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн учраас” гэж хариулт өгөв. Гэтэл Шүүхийн тухай хуулийн 12 болон 22 дугаар зүйлүүдэд шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар хангалттай заалтууд тусгагдсан тухайлбал хуулийн 12-ын 6-д “Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр нэвтрүүлж болох бөгөөд холбогдох журмыг Ерөнхий зөвлөл батална” гэх мэтээр заасан, мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3-ын 2-тТөрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34-ын 4-т:

“1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:

2.1.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх;

2.2.өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол;

2.3.арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл:  

2.4.хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.

5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж тус тус заасан.

           Эндээс үзэхэд нөхөн сэргээлт нэрийн дор “Цагаан эрэгт” хууль бус ашиг олох олборлолт явуулсан гэмт ажиллагаа нь дээр дурьдсанчлан шүүх хуралдааныг хаалттай явуулж болох хүндэтгэх шалтгааны алинд нь ч хамаарахгүй, 100 хувь нээлттэй явуулбал зохих хэрэг гэдэг нь ойлгомжтой зүйл. Тодруулбал түүнд төрийн болон албаны нууцын асуудал хамаарах боломжгүй Ховд аймгийн ИТХ-аас гаргасан хуулийн зөрчилтэй тогтоолыг нь ИТХ өөрөө 2018 онд хүчингүй болгож энэ нь ил тод зарлагдсан. Тогтоолын эх хувь нь ч ил тод байгаа. Бас уг асуудалд хувь хүний, гэр бүлийн аливаа нууцад хамаарах ямар ч үндэслэлгүй, харин эрх мэдэлтнүүдийн, албан тушаалтнуудын хууль бус хуйвалдааны нууц л байх боломжтой /үүнийг хуулиар хамгаалах ёсгүй/, уг хэрэгт насанд хүрээгүй ямар нэг иргэн холбогдоогүй болно. Тиймээс бид хуулийн дагуу бол шүүхийн шийдвэр ил тод нээлттэй байх үндэслэлтэй байгаа ч, шүүх шийтгэх тогтоолоо хууль бусаар нууцлах нөхцлийг бий болгосон байна гэсэн тайлбарыг шигтгэн, шүүхийн шийтгэх тогтоолыг олж авахаар Нийслэлийн прокурорын газарт 2022 оны 7 дугаар сарын 05-ны 15/62 дугаартай албан бичгээр хандав. Прокурорын газраас 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/5158 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ хаалттай горимоор хэлэлцэх үндэслэл байхгүй хэргийг тухайн шүүх хаалттай хэлэлцсэн гэсэн тайлбар өгснийг тодруулахыг хүссэн асуултанд маань ямар нэг хариу өгөөгүй, энэ талаар ганц ч үг дурьдаагүй бөгөөд танай байгууллага хэргийн оролцогчид хамаарахгүй тул шүүхийн шийтгэх тогтоолыг авах эрхгүй гэсэн утгатай л хариу ирүүлэв. Бидний хүссэн мэдээллийг сайтар судалж ойлгоогүй, хангалттай хариу ирүүлээгүй байгааг дахин тайлбарлаж, уг хэргийг хариуцсан прокурортой утсаар холбогдон ярилцсаны дараа тухайн хэрэг дээр хяналт тавьж ажиллаж буй хяналтын прокурор нь манай төслийн удирдагчтай холбогдож ярилцахдаа хэрэг АТГ дээр дахин шалгагдаж байгаа тул та нөхөд АТГ-тай хамтран ажиллах, газар дээр нь очиж үзлэг хийхэд хамт байлцах эрх зүйн боломжтой гэж зөвлөв. Энэ дагуу бид АТГ-тай холбогдож тухайн хэргийг хариуцаж буй Мижидсамдан комиссарт хамтран ажиллах тухай хүсэлт тавихад “та нарт тийм эрх байхгүй, бид танайд ямар ч мэдээлэл өгөхгүй, хамтарч ажиллахыг зөвшөөрөхгүй” хэмээн татгалзсанаас гадна хэл амаар дайрч, сүрдүүлж, заналхийлсэн тул бид Хүний эрхийн үндэсний комисст хандсан болно. Хүний эрхийн үндэсний комисс гомдлыг шалгаад АТГ-т комиссар Мижидсамдангийн ёс зүйн алдааг дотооддоо шалгаж, арга хэмжээ авахыг даалгасан бичиг хүргүүлсэн.

            Эдгээрээс дүгнэлт хийхэд: Шүүхийн тухай хуулинд шүүн таслах ажиллагааг хуулинд  заагдсан тодорхой шалтгаантайгаас бусад тохиолдолд нээлттэй явуулах, шийтгэх тогтоолыг цахим сайтад ил тод байршуулахыг хуульчилсан боловч шүүх байгууллага үүнийг зөрчихөөс хэрхэн сэргийлэх, зөрчсөн /тухайлбал нээлттэй хийх ёстой шүүх хурлыг хаалттай хийсэн, шүүхийн тогтоолыг ил тод байршуулаагүй нөхцөлд/ хэрхэн хариуцлага тооцох тухай хуулийн санкц бидний ажигласнаар харагдахгүй байна. Тиймээс үүнээс сэргийлэх, хамгаалах хариуцлагын санкцыг холбогдох хуулинд суулгаж өгөх шаардлага байна гэж үзсэн болно. Энэ асуудлаар төслийн хүрээнд бидний хийсэн ажиглалт судалгаагаар бол өнөөгийн байдлаар 2017, 2018 онд гаргасан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шаардлагыг биелүүлэх ажил, мөн БОАЖЯ, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар зэрэг төрийн холбогдох байгууллагууд хариуцах ёстой байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох ажлуудын тухайд, хэрэг шүүхийн шатанд яваа гэдэг нэрийдлээр үндсэндээ зогсонги байдалд орж, зохих ёсоор анхаарал тавигдахгүй байгааг дээр тодорхой дурьдсан. Тиймээс төслийн баг Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран, энэ асуудлаар аймгийн МХГ-т хандаж, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхтэй холбоотой холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхийг санал болгосноос гадна, хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгох талаар хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хамтарч ажиллах талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Үнэлгээ аудитын хэлтэст тус, тус удаа дараагийн хүсэлт, саналыг албан бичгээр хүргүүлж, эхний байдлаар шийдэл гаргуулсан болно /БОАЖЯ-наас уг асуудлыг Ховд аймгийн Засаг даргад даалгасан/. Асуудлыг шийдвэрлэхэд тээг саад болж буй нэг хүчин зүйл байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад хохирлын үнэлгээг тогтоолгох ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11-д заасны дагуу бодитой хийгдсэн эсэх нь тодорхойгүй, БОАЖЯ болон Улсын МХГ, түүнчлэн хэргийг шат дараалан хянан шалгасан байгууллагууд болох Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-т тэр тухай баримт мэдээлэл байхгүй /тухайн байгууллагууд албан ёсоор тийм хариу өгсөн/, үнэлгээ хийсэн гэх компанид  нь ч тэрхүү баримт материал нь байхгүй байна. Хуулийн дагуу хохирлын үнэлгээг тухайн асуудлыг хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр сонгон шалгаруулсан мэргэжлийн үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлэх, эсвэл хэрэг үүсгэгдэж, шалгагдаж байгаа нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх процессийн дагуу шинжээч томилох замаар   асуудлыг шийдэх ёстой байгаа тул. Бид юуны өмнө хавтаст хэрэгт байгаа гэх үнэлгээний материал үнэн бодитой эсэхийг нягтлан тогтоосны дараа хуулийн хүрээнд дараагийн шийдлийг гаргуулах талаар нөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай ажилласан юм. Тэрээр нөлөөллийг эрчимтэй явуулах замаар хохирол арилгуулах ажлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд заагдсанаар БОАЖЯ, аймаг, сумын Засаг даргын хүлээсэн үүргийнх нь (Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь заалт) дагуу тэдгээрээр шийдвэрлүүлж хэрэгжүүлэх нь илүү хялбар хийгээд үр өгөөжтэй гэж үзсэн. Харин эдгээр байгууллагууд хуулиар өгөгдсөн эрх үүргээ хэрэгжүүлэхээс илт зайлсхийсэн тохиолдолд шүүхэд хандахаас аргагүй болох юм.  Гагцхүү хэргийг хянан шалгаж байгаа хууль хяналтын байгууллагуудын хэт хаалттай байдал, хоорондын ажлын уялдаа холбоо ихээхэн сул байгаа байдал, мөн холбогдох төрийн байгууллагуудын хариуцлага сул, асуудлыг өөрсдөөс зайлуулж хөндийрүүлсэн байдлаас болж мэдээлэл нь олдохгүй, учир начир нь тодрохгүй удааширч ихээхэн цаг авсан гэдгийг тэмдэглэх нь зүй гэж үзэж байна.   Мөнхүү аливаа асуудал, хэргийг хууль хяналтын байгууллагуудад шалгасны дараа уг хэрэг, асуудлын тухай болон хянан шалгасан тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь тухайн байгууллага дээр үлддэггүй, байхгүй гэсэн хариуг байнга өгч байсан нь хачирхалтай. Хэргийг хянан шалгах процессийн тухай хуулиудад энэхүү  материал тухайн шалгасан байгууллага дээр заавал хадгалагдаж байхаар заасан байгаа харагддаг ч, иргэдийн болон иргэний нийгмийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллахыг хүссэн байгууллагад ийнхүү илт худал хариу өгдөг, мэдээллийг нууцалдаг практик байгааг цаашид анхаарч, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна гэж үзсэн болно.    

TsE2

                           3.Хуулийн сэгэрхийнүүдийг хэрхэх вэ? 

             Тэрчлэн Стратегийн өмгөөллийн багийнхны үзэж байгаагаар:

  1. Цагаан эрэг дэх хууль бус ажиллагааны улмаас сүйтгэгдсэн газрын хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь бодитой хийгдсэн бол уг үнэлгээг үндэслэж хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, мөн 49 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгүүлэх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэх учиртай. Гэвч төрийн энэхүү байгууллагууд хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгуүүлэхээс илтэд зайлсхийсээр байгаа нь ойлгомжгүй. Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон стратегийн өмгөөллин багийнхан  

        Энэ асуудлаар 1 удаагийн нэвтрүүлэг, мөн 5 удаагийн богино хэмжээний контентийг бэлтгэн, Ховд аймгаас гадна Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дорнот, Сүхбаатар, Увс, Төв аймаг, тэрчлэн төвийн сувгуудаар цацаж олон нийтэд хүргэсэн болно.  Мөн “Ховдын толь” сонины 2021 оны 12 дугаар сарын дугаарт А2 хэмжээтэй 1 бүтэн нүүр, 2022 оны 6 дугаар сарын эхний дугаарт А2 хэмжээтэй 2 бүтэн нүүр, 2022 оны 6 дугаар сарын удаах дугаарт А2 хэмжээтэй нэг бүтэн нүүр нийтлэлийг бэлтгэн нийтлэж, уншигчдын хүртээл болгосноос гадна тэрхүү нийтлэлүүдийг Монголгараг, Ньюсмедиа цахим сайтуудад нийтлэж, нийтийн цахим сүлжээгээр түгээсэн тул уншигч та бүхэн тэдгээрээс нэмэлт мэдээлэл авах боломжтой.

             Дүгнэж үзвээс: Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь “Цагаан эрэг”-ийн гянт болдын илрэц бүхий орд газарт нөхөн сэргээлт нэрийн дор явагдсан хууль бус ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч уг эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх ажил хэт удааширч дөрвөн жилийн нүүр үзсэний далбаан дор, шүүхэд шалгагдаж байгаа гэдэг нэрээр Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг газарт учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгож, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг чиглүүлэн зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ (Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйл) биелүүлэхгүй, аймаг сумын Засаг дарга, Тамгын газар нь мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ (БОХТХуулийн 16 дугаар зүйл) биелүүлэхгүй, шаардлагатай бол энэ асуудлаар шүүхэд хандах боломжоо ашиглахгүй байсны шалтгааныг судлан тодруулж, төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь түлхэц үзүүлж нөлөөлөх, хохирлыг арилгахад  чиглэгдсэн шийдвэр гаргуулах, арга хэмжээ хэмжээ авахуулах зорилго агуулсан энэхүү стратегийн өмгөөллийн ажлыг өрнүүлэх явцад дараах нөхцөл шалтгаан хийгээд асуудлууд тогтоогдов. Үүнд:

              Нэг: Хэргийг хууль шүүхийн байгууллагаар шалгаж шийдвэрлэх ажил хэт удааширч, дөрвөн жилийн нүүр үзээд байгаа шалтгаан нь ойлгомжгүй,  Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т заасан нөхцөл шалтгаан байхгүй байтал мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Шүүхийн тухай хуулийн 12 болон 22 дугаар зүйлд заасныг зөрчиж шүүх хуралдааныг хаалттай явуулан, шүүхийн шийдвэрийг ил тавихгүй нууцалсан, нийтийн эрх ашгийг хамгаалах, хараат бус хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор, ажлын шаардлагаар мэдээлэл хүссэн стратегийн өмгөөллийн багт шүүхийн шийдвэр болон процессын мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа зэрэг нь эрх мэдэл бүхий байгууллага, хуулийн этгээдүүдийн зүгээс “хязгаарлалт бүхий мэдээлэл”-ийг  (Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд заагдсан нэр томъёо) зохисгүй сэдлээр нууцлахаас сэргийлэн хамгаалах эрх зүйн боломж дутмаг байна гэж үзэж болохоор харагдаж байгаа.

             Хоёр: Хууль хяналтын байгуулагууд уг хэргийг анхнаас нь мөрдөн шалгахдаа тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс дэх Цагаан эрэг болон түүний орчим газрын хамгаалалтын асуудлыг хариуцдаг Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай бараг холбогдоогүй, хууль ёсны хохирогч нь болох энэхүү байгууллагыг болон Ховд аймгийн Цэцэг сумын удирдлага захиргааны байгууллагыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүхийн шийдвэрийг хохирогч байгууллагад хүргүүлээгүй нь ойлгомжгүйгээс гадна Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчиж, хууль завхруулсан ноцтой асуудал гэж үзэж болохоор юм.   

            Гурав: “Цагаан эрэг”-т  нөхөн сэргээлт нэрийн дор хууль бус олборлолт явуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж хянан шалгах ажиллагаа сунжирсаар 4 жил болсон ч,

             - Байгаль орчныг хамгаалах, хохирлыг тооцуулж арилгуулах, нөхөн сэргээх арга хэмжээг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх ёстой сумын болон аймгийн Засаг дарга, Тамгын газар, тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв болон салбар байгууллагууд нь үүнд огт анхаарал тавихгүй орхисон

             - Хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан ажын хэсэгт тухайн байгууллагууд хамтран ажилласан атлаа энэ тухай мэдээлэл хүсэхэд удаа дараа ямар ч мэдээлэл байхгүй гэж хариу өгсөн

             - Энэ асуудлаар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хуулинд заагдсан тодорхой арга  хэмжээг авч хэрэгжүүлэхийг БОАЖЯ-нд санал болгож, түүнтэй холбоотой тодорхой мэдээллүүдийг хүсэж орон нутгийн Засаг захиргаанаас албан бичиг хүргүүлэхэд (Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 1/1039 дугаартай бичиг) БОАЖЯ хариу ирүүлэхээс зайлсхийсэн, бичгийн хариуг хүсэж, шахаж шаардахад хариу явуулсан гэж худал мэлзсэн бөгөөд хагас жил болоход огт хариу өгөөгүй. - БОАЖЯ-ны энэ хандлагын учир зүйг олохын тулд аймгийн Засаг даргыг уг яаманд албан тоотоор хандахыг санал болгож, бичгийг төлөвлөж өгөхөд Засаг дарга болон албан тушаалтнууд уг бичгийг албажуулж явуулахгүйгээр нуун дарагдуулж, худлаа ярьж төөрөлдүүлэх  мэтээр аргацаасаар 4 сар болсон зэрэг нь төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд хуулиар хүлээсэн ажил үүрэгтэй тоомжиргүй, хариуцлагагүй хандсан, ажил үүргээ санаатайгаар хөсөрдүүлсэн тохиолдолд тэдгээрт хариуцлага тооцох хариуцлагын тогтолцоо туйлын дутагдалтай байгаагийн илрэл гэж үзэхэд хүргэж байна. (Үүнтэй холбогдол бүхий Байгаль орчныг хамгаалах хууль гэх зэрэг эрх зүйн баримт бичигт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтан, төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулинд заагдсан хариуцлага хүлээлгэнэ гэсэн авч Төрийн албаны тухай хуулинд ийм зохицуулалт үндсэндээ байхгүй тус хуулийн 32 дугаар зүйл нь төрийн албан хаагчийн хариуцлагын асуудлыг зохицуулсан гэх  боловч, энэ нь зөвхөн төрийн албан хаагчын томилгоо, тушаал дэвшүүлэх, зэрэг дэв ахиулахад тавигдах шаардлагыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай байна.   Тиймээс төрийн албан тушаалтнуудын ажлын хариуцлагын асуудал, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, үл тоомсорлосон, хөсөрдүлсэн нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг хуульчилж өгөх бодит шаардлага байна гэж харагдаж байна.    

                  Дөрөв: Энэхүү стратегийн өмгөөллийн ажлын хүрээнд тодорхой ажиглагдсан бас нэг зүйл гэвэл төрийн байгууллагууд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг сайтар хэрэгжүүлж хэвшээгүй, тухайлбал уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1, 15.6.2, мөн 15-7-д заасан мэдээлэл хүссэн этгээдэд төрийн байгуулагаас тухайн мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд багтааж өгөх үүргийг огт хэрэгжүүлэхгүй байна (БОАЖЯ, хуул хяналтын байгууллагууд, нутгийн Захиргааны байгууллагууд).   Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэсэн нь бүрхэг утгатай, эрх бүхий этгээд нь хэн болохыг тодотгож заагаагүй, зайлшгүй ажлын шаардлагаар дээрх 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй танилцахыг хүссэн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгэм, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор ажилаж буй иргэн, хуулийн этгээдийг тухайн мэдээллийг олж авах эрхээр хангасан заалт байхгүй байгаагаас болж зарим тохиолдолд мэдээлэл эзэмшигч этгээд түүнийг санаатайгаар нууцлах боломж олгож буй байдал ажиглагдаж байна!  Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг шинэчлэн найруулах шаардлага харагдаж байна гэж үзсэн болно.

                  Тав: Аливаа асуудал, хэргийг хууль хяналтын байгууллагуудад шалгасны дараа уг хэрэг, асуудлын тухай болон хянан шалгасан тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь тухайн байгууллага дээр үлддэггүй, байхгүй гэсэн хариуг байнга өгч байсан нь хачирхалтай. Хэргийг хянан шалгах процессийн тухай хуулиудад энэхүү  материал тухайн шалгасан байгууллага дээр заавал хадгалагдаж байхаар заасан байгаа харагддаг ч, иргэдийн болон иргэний нийгмийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллахыг хүссэн байгууллагад ийнхүү илт худал хариу өгдөг, мэдээллийг нууцалдаг практик байгааг цаашид анхаарч, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна гэж үзэв.            

                Зургаа: “Цагаан эрэг”-ийн хохирол арилгах” стратегийн өмгөөллийн үйл ажиллагааны зорилгын дагуу бид БОАЖЯ, Ховд аймгийн Цэцэг сум болон Ховд аймгийн Засаг даргыг байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэхэд нөлөөлөх ажил үр нөлөөгөө өгч байгаа тэдгээрт хуулиар хүлээсэн үүргийг нь таниулж, тэр дагууд арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэдгийг нь сануулж, үндсэндээ зөвшөөрүүлээд байгаа бөгөөд одоо тодорхой алхам хийлгэх арга хэмжээ авахуулахад нөлөөлөх ажлууд явагдаж байна. Мөн тухайн асуудлын улмаас үүсгэгдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудлуудыг стратегийн өмгөөллийн ажлын явцад төслийн баг илрүүлснийг дээр тодорхой өгүүлсэн. Бидний илрүүлсэнчлэн хууль эрх зүйн цоорхой, учир дутагдалтай байдлуудаас үл хамааран төслийн баг цаашид хэргийг шүүхэд шийдвэрлэх үед нь ажиглагчаар оролцох, нэн ялангуяа байгаль экологид учирсан хохирлыг арилгуулах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаарх шүүхийн шийдвэр хэрхэн гарах тухайд хяналт тавих ажлууд үргэлжлэн хийгдэх болно.  

               Жич: Стратегийн өмгөөллийн ажлын үр дүнгээс сэдэвлэн толилуулж буй энэхүү нийтлэлд үгүүлэгдэж буй зүйлүүд нь хөдлөшгүй нотлох баримтуудад үндэслэсэн болно.

“Цагаан эрэг”-ийн хохирол арилгах

стратегийн өмгөөллийн ажлын баг

“Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” НҮТББ

TsE3

 TsE4


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 1 =

Create Account



Log In Your Account