Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн ажилчдын 15 хувь нь халдвар авчээ

By: Admin
2024-12-22
0
1771

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилчдын 15 хувь нь "Ковид-19"-ийн халдвар авсан байна

2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр /2021.08.27/ аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлын эхэнд коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг сонсож авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэн иргэдэд эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай, хүртээмжтэй үзүүлж ажиллахыг чиглэл болгов.

Дараагаар нь аймгийн Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 25 сургууль, 33 цэцэрлэгт нийт 2663 багш ажилчид ажиллаж байгаа. Үүний 2560 буюу 96 хувь нь “Ковид-19” цар тахын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан. Харин 409 багш ажилчид буюу нийт багш ажилчдын 15 хувь нь халдвар авч эдгэрсэн гэсэн судалгаа гарчээ.

Үүнээс гадна хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд бүх сумдад халдварын тархалт, эрсдлийн үнэлгээ ямар байгааг гаргасан байна. Эрдэнэбүрэн сум “Улбар шар” бусад 16 сум “Улаан” түвшинд байна гэж тогтоожээ.

Ховд аймагт 12-оос дээш насны 10530 хүүхэд бий. Үүний 9552 нь буюу 90,7 хувь вакцинд хамрагдсан учраас ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Түр журам”-д заасны дагуу 12 ба түүнээс дээш насны хүүхдүүд буюу 7-12 дугаар ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлнэ. Харин орон нутагт халдварын тархалт их байгаа учраас 6-11 насны хүүхдүүд буюу 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 09 дүгээр сарын 10 хүртэл цахимаар зохион байгуулах шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хурлаас гаргалаа.

Мөн өнөөдрийн /2021.08.27/ хурлаас:
-Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс танхимаар хичээлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллах,

-Аймгийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаар өвдсөн төрийн алба хаагчдын судалгааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргаж хяналт үнэлгээ хийж ажиллах,

-Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хашаанд нэмэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэр барьж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлж ажиллах,

-Аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах тухай аймгийн Засаг даргын хэм хэмжээ тогтоосон захирамж гаргуулж ажиллах,

-Улсын Онцгой комиссын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1317 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор Оросын холбооны улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур хилийн боомтоос Ховд аймаг руу шатахуун шууд тээвэрлэлт хийж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагын хамгаалалт гаргаж ажиллах шийдвэрийг гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар боллоо.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 5 =

Create Account



Log In Your Account