Ховд аймагт “хариуцлагатай уул уурхай”-г төлөвшүүлэхийн тулд

By: Admin
2024-12-22
0
1568

“Ховдын толь сонин”  төрийн бус байгууллагаас санаачлан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ховд аймгийн дэд зөвлөл”-ийг хуралдуулав. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” гэдэг нь Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө, зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангасан гэсэн мэдээлэл бий. Монгол улсын хувьд 2005 онд энэхүү түншлэлд нэгдсэн, одоогоор шаардлагыг хангасан улсуудын тоонд ордог бөгөөд улсын хэмжээнд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, ажлын алба, аймгуудын хэмжээнд дэд зөвлөлүүд ажилладаг.

“Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн тэгш оролцоо бүхий бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү үндэсний зөвлөл болон аймгуудын дэд зөвлөл нь эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь олборлох үйлдвэрлэлийг хариуцлагажуулах, тусгай зөвшөөрөл, уул уурхайн гэрээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, орлогын хуваарилалт, зарцуулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив, дэмжлэг, байгаль хамгаалахад зарцуулсан зардал, урьдчилгаа барьцаа төлбөр түүнчлэн төрийн өмчит компаниудын мэдээллүүдийг ил тод болгох, хэвшүүлэхэд чиглэгдсэн асуудлуудыг ОҮИТБС-ын зарчим, стандарт, шаардлага, журам дүрмийн хүрээнд зохицуулж ажиллах чиг үүрэгтэй. Гэвч ОҮИТБС-ын Ховд аймгийн дэд зөвлөл нь сүүлийн жилүүдэд дээрх зарчим, шаардлагын дагуу ажиллаагүй, 2014 оноос хойш дэд зөвлөлийн хурлыг хийгээгүй, хэлэлцвэл зохих асуудлуудыг хэлэлцээгүй явж ирсэн тул “Ховд толь сонин” сонин төрийн бус байгууллага нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Орон нутгийн  /Ховд болон баруун бүсийн аймгууд/ Эрдэс баялгийн салбар дахь хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм” хэмээн уг байгууллагын тэргүүн Г.Төрмөнх ярьлаа. 

ded zuvlul

Хуралдаан дээр “Ховд толь сонин” ТББ болон  “Орон нутгийн  /Ховд болон баруун бүсийн аймгууд/ Эрдэс баялгийн салбар дахь хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл хөтөлбөр”-өөс ОҮИТБС-ын үндсэн ойлголт, зарчим, шаардлагууд тэрчлэн Ховд аймгийн дэд зөвлөлийн ажлыг хэрхэн сайжруулах талаар мэдээлэл хийж, аймгийн дэд зөвлөлийн 2022-2023 онд хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, мөн дүрмийн дагуу зайлшгүй хийгдэх ёстой зүйл болох оролцогч талуудын хооронд байгуулах санамж гэрээний төслийг боловсруулснаа хэлэлцүүлэв.

Хуралдаанд дэд зөвлөлийн гишүүн “Тэфс Майнинг”, “Талст Молор” компаниуд, мөн иргэний нийгмийн төлөөллөөс “Илчит өргөө “ төрийн бус байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирээгүй тул хуралдаанд оролцогсдын саналаар 7 дугаар сард хуралдааныг дахин товлож, уг хэлэлцүүлсэн асуудлуудыг эцсийн байдлаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Дашрамд дурьдахад дэд зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм ёсоор дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэний нийгмийн байгууллагуудыг иргэний нийгмийн салбарын хурлаас хэлэлцэн сонгож, санал болгох ёстой. Ховд аймагт дэд зөвлөлийг шинэчлэн байгуулж ажиллуулах асуудал мөн хүлээгдсээр Засаг захиргааны байгууллагаас санаачилга гаргахгүй байсан тул “Орон нутгийн  /Ховд болон баруун бүсийн аймгууд/ Эрдэс баялгийн салбар дахь хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл хөтөлбөр” болон “Ховд толь сонин” ТББ-аас дэд зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай санал оруулсны үр дүнд дэд зөвлөлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан, тэрчлэн  тус аймгийн уул уурхай эрдэс баялгийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хуралдан, 3 байгууллагыг дэд зөвлөлийн гишүүнээр ажиллуулахаар санал оруулсан боловч захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь санал болгосон 3-ын нэгийг нь хасаж, оронд нь “УИХ-ын гишүүн С.Бямбацогт оруул гэсэн юм” хэмээн энэ талаар мэдээлэлтэй, туршлагатай эсэх нь огт мэдэгдэхгүй, сураггүй байгууллагын нэрийг оруулж баталсан. Гэтэл дэд зөвлөлийнхөн өдгөө тэр байгууллагатай нь холбогдож ч чадахгүй /утсаа авахгүй холбогдохгүй байгаа/ явдал байгаа юм байна.  

Ж.Саруул

ded 2

  ded 3

        

        


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 5 =

Create Account



Log In Your Account