ТАН буюу "Төлсөн авснаа нийтэл" олон улсын эвслийн Монгол дахь бүлхэм гишүүн байгууллагуудынхаа оролцооны хүрээнд Оюутолгойн гэрээг тойрсон асуудлуудыг хөндөж цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ТАН эвслийн гишүүн, Монгол улсын гавъяат эдийн засагч, Сангийн сайд асан Э.Бямбажав гуай уригдан оролцож, Оюутолгойн гэрээг өөрчилөх үндэслэл, шалтгааны талаар тодорхой ярьсны зэрэгцээ оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт Ховд аймгаас ТАН эвслийн гишүүн Ховдын толь ТББ (Г.Төрмөнх), мөн сонирхогчоор Жавхлант гэрэлт ирээдүй ТББ (Ж. Саруул) нар оролцов.
Э.Бямбажав ярихдаа: “Оюу толгойн уурхайг ашиглаж буй олборлолт ашиглалтын бүхий л үйл ажиллагаа Монгол улс болон Рио Тинто компаний хооронд байгуулсан үндсэн гурван гэрээгээр зохициулагдаж байгаа бөгөөд эдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Сүүлд байгуулагдсан хууль бүс гэж яригдаад байгаа Дубайн гэрээнүүд юм. Гэрээнүүдийг судлаад үзэхэд баялгийн эзэн болох Монгол улсын талд ашиггүй, нэг талаасаа Монгол улсыг илт басамжилж дарангуйлсан гэхээр зүйл заалтууд нэлээд бий. Тухайлахад Хөрөнгө оруулалтын гэрээг 70 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ 70 жилийн турш Монгол улсад төлөх бүх төрлийн татварын хувь хэмжээ огт өөрчлөгдөхгүй тогтмол байхаар заасан нь маш буруу. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын асуудалд Монголын талын оролцоо огт байхгүй, эзэмшлийн хувь хэмжээг 50 жилийн дараа 50х50 хувь болгоно гэж заасан байгаа нь баялгийн эзэн улсын хувьд илт дарлуулсан гэхээр зүйл. Миний тооцоогоор бол Рио Тинто компани 20 жилийн дотор оруулсан бүх хөрөнгө оруулалтаа нөхөж гүйцэхээр байгаа. Тэгвээс зүй ёсоороо бол 20 биш юмаа гэхэд 30 жилийн дараа орд газар, уурхай бүхэлдээ Монгол улсын эзэмшилд эргэж ирэх ёстой гэж үздэг.
Хоёрт. Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд авч үзвэл компаний төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хоёр тал тэгш оролцоотой байх ёстой байтал Монгол улсын тал ердөө 30 хувийн оролцоотой 9 гишүүний 3 нь л Монгол улсыг төлөөлсөн хүмүүс, бас менежментийн багийг 100 хувь Хөрөнгө оруулагч компани мэддэг нь зохисгүй зүйл. Хоёр талын тэгш оролцооны үндсэн дээр бүрдүүлэх ёстой. Дээрээс нь эргэлтийн хөрөнгийн болон үйл ажиллагааны зээлийг хутгаж, Монгол улсын эзэмших хэсэгт давхар, давхар зээл бичдэг нь санхүүгийн хувьд хууль бус, зөрчилтэй үйлдэл. Хөрөнгө оруулагчийн урамшууллын зарчим нь хэдий их зардал гаргана тэр хэрээр өндөр цалин урамшуулал авна гэсэн луйврын зарчмаар явагдаж байгаа нь бас зохисгүй. Уурхайгаас олж буй олборыг аль болох хурдан хугацаанд өөрт шингээж, цөлмөх гэсэн санаа байх.
Гуравт Дубайн гэрээ байна. Энэ гэрээнд Монголын тал ашгийн 53 хувийг авахаар заагдсан гэж тайлбарладаг ч, хэрэг дээрээ Монголын талд ямар ч ашиг ирэхгүй байгаа. Яагаад гэвэл Менежментийн багаас хэрэгжүүлж буй бодлого, журам зохицуулалтаараа бүх ашгийг Рио болон тэдний хамсаатнуудад хувиарлахаар зохицуулагдаж хэрэгждэг. Бас болоогүй уурхайд ажил гүйцэтгэж буй Монгол компануудын үйл ажиллагаанаас олж буй ашгийг Монгол улсад ногдож буй ашиг гэж тооцоод байгаа нь бас л заль луйвар. Эцэст нь 2051 он хүртэл Монгол улсад ямар нэг ашиг оногдохгүй, харин түүний дараа Монгол улс 22.0 тэрбум долларын өртэй үлднэ гэсэн тооцоог РиоТинто компаниас Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн байдаг. Гэрээг анхнаасаа хөрөнгө оруулагч компаний шахалтаар байгуулсан гэдэг нь харагдаг. Юу гэвэл зөвшөөрөх боломжгүй учир тохиролцоонд хүрэхгүй 5 жил болсон төслөөр нь уг гэрээг 5 хан хоногийн дотор байгуулах үүргийг эрх мэдэлтнүүд (тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж) өгч, үүний дагуу гэрээ байгуулагдсан байдаг. Түүнчилэн татварын маш их зөрчилтэй, ер нь бол зөвшөөрөгдсөн татварын тооцоо байхгүй, жилд 1.2-1.5 тэрбум долларын орлого олж байгаа атлаа Монгол улсад ямар ч ашиг өгдөггүй энэ байдлыг халж гэрээг өөрчилөөс өөр зам байхгүй.
Тэгэхээр үүнтэй харьцуулж болох томоохон үйлдвэр болох Эрдэнэтийн гэрээ анх яаж байгуулагдаж байсан бэ гэдгийг авч үзье л дээ. Би өөрөө ажлын хэсэгт нь ажиллаж байсан хүн. Эрдэнэтийг байгуулах анхдагч тооцоонууд гарахад ТЭЗҮ-г 1.2 тэрбум шилжих рублийн зардалтайгаар боловсруулах тооцоо гарсан. Монголын тал ийм зардлыг нөхөж, баялгаа хувь тэгш эзэмшихэд хэцүү байсан тул эргэлзээнд автсан. Тэгээд ЗХУ-ын талаас за яахав 500 сая рубльд багтаагаад бүх зүйлийг иж бүрнээр нь барьж, байгуулж өгье. Хэрвээ энэ саналыг зөвшөөрөхгүй бол бусад хөрөнгө оруулагч улсуудыг хайна биз гэсэн. Бусад улсуудад хандсан ч хөрөнгө оруулах улс олдоогүй юм. Байгуулсны дараа бүтээгдэхүүний үнэн дээр Монгол улсад бас хөнгөлөлт үзүүлсэн. Үүнтэй харьцуулах юм бол Оюутолгойд ямар нөхцөл ноёрхож байгаа нь ойлгомжтой байгаа байх.
Тиймээс миний хийсэн судалгааны түвшинд дэвшүүлэх санал гэвэл
Хөрөнгө оруулагч /Рио Тинто/ компаний тооцоогоор бол Оюутолгойн уурхай 2022 оноос 4-5 тэрбум долларын, 2029 оноос 29.0 тэрбум долларын орлого олно гэж байгаа” хэмээсэн юм.
Үүний дараа Монгол дахь ТАН эвслийн зохицуулагч Төр-Од мэдээлэл хийсэн бөгөөд Оюутолгойн гэрээтэй холбоотой гол зургаан багц мэдээллийг ил тод болгохыг уриалсан уриалга гаргаж, өдөр тутмын сонинд нийтлүүлснээ танилцуулав.
Үүнд нэг: Үндсэн хуулийн зургаа дугаар зүйлд заасан заалтыг хэрэгжүүлэх механизмыг хэрхэн хэрэгжүүлэх тухай, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын стандартыг мөрдөх явдлыг шинэ шатанд гаргах, түүнчилэн хувьцаатай холбоотой мэдээллүүд, талуудын тэгш оролцоо, тэгш хариуцлагын зарчим, хувь нийлүүлэгчдийн харилцааны нөхцөлүүд, ТУЗ болон менежментийн багийг бүрдүүлж буй зарчим, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалт зэргийг авч үзсэн байна.
Дараагийн хэлэлцүүлэгт Оюутолгойн ТУЗ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг оролцохыг урьж байгаагаа нээлттэй мэдэгдсэн юм. Мөн ТАН эвслээс 2021 оныг “Олборлох салбарын гэрээ, хэлцлийг ил тод болгох” жил болгон зарлаж, цахим орчинд гурван платформыг нээж, нийтэд мэдээлэл түгээх, мэдээллийг ил тод болгох үйл ажиллагааг эхлүүлж байгаагаа зарласан юм.
Г.Энхжаргал