2024 оны Есдүгээр сарын 2-ны өдөр Ховд аймагт, Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн салбар сургууль дээр Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
Уг уулзалт болон бага хуралд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Сергеевич Ивашкин, Монголын сэтгүүлчдийн байгууллагын Ховд аймаг дахь салбар, Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн Г.Төрмөнх, МУИС-ын баруун бүсийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч доктор, профессор Т.Одончимэг болон тус их сургуулийн багш нар, судлаачид, оюутнууд оролцов.
Уулзалтын үеэр Алтайн Бүгд Найрамдах Улсын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Сергеевич Ивашкины туурвисан Монгол, ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагааны түүхийг үгүүлсэн 6 цуврал номын 6 дугаар цуврал шинэхэн хэвлэгдсэнийг танилцуулж, уг номонд орсон ховор сонин мэдээллүүдийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр МУИС-ын ББС-ын Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Т.Одончимэг, Шинэ эвлэл ОНСХ-ны тэргүүн, Ховдын толь сонины эрхлэгч Г.Төрмөнх нарыг хоёр улсын хамтын ажиллагаа, залуу үеийг сургах, олон нийтийг гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Дети войны” одонгоор шагнав.
Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын АБНУ-аас тус улсын Сэтгүүлчдийн холбоо, Горный Алтай хот дахь Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид, багш, оюутны төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол улсад ирж Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хотод “өргөжүүлсэн” хөтөлбөрөөр ажиллаж байгаагийн нэг хэсэг нь өнөөдөр Ховд аймагт болж буй энэ үйл явдал юм.
Горный Алтайн Улсын их сургуулийн багш, доктор Иван Анатолевич Кольцовоор ахлуулсан ажлын баг Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд 9 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалтай давхцуулан Монгол Улсын их сургууль дээр эрдэм шинжилгээний бага хурал, дугай ширээний уулзалт, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.