Ховд аймагт 2018 оны 9 дүгээр сарын 24-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Цайны зам өв соёлын наадам нь Ховд аймгийн Гурван Сэнхэр төвтэй Таван од аялал жуулчлалын хөтөлбөрт тусгагдсан, уг хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон тогтмол зохион явуулах эвент арга хэмжээнүүдийн (онцгой ач холбогдол бүхий чухал үйл явдал) нэг юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд 10 орчим эвент арга хэмжээг тогтмолжуулан явуулж байхаар тусгасны дотор “Ховд аймгийн олон угсаатан, үндэстэний цайны соёлоор дамжуулан, “Цайны баяр”-ыг жил бүрийн 9 сарын сүүлийн амралтын өдрүүдээр хийж занших. Энэ нэрэн дор бүх үндэстэн болгон өөрийн онцлог болсон соёлын өвийг гайхуулан, хөөмий, уран нугаралт, уртын дуу, тууль, шинэ ногоо, жимс жимсгэнэ гэх мэт олон төрлийн уралдаан, яармаг худалдааг 3-5 хоногийн турш зохион байгуулсанаар баруун бүсийн аялал жуулчлалыг тодорхойлж чадахуйц томоохон эвентийг бий болгох. Хугацааны хувьд сүүлийн 18 жилийн турш Баян-Өлгий аймагт тасралтгүй зохион байгуулж ирсэн Бүргэдийн баяртай холбон нэг долоо хоногийн өмнө хийдэг болгоно” хэмээн заажээ.
Ийнхүү Цайны зам өв соёлын наадам буюу цайны баярыг анх олон улсын жуулчид, оролцогчдод зориулан далайцтай, өргөн хөтөлбөрөөр зохион явуулав.
Хөтөлбөрийн дагуу энэ үеэр Эрийн гурван наадмын соёлыг таниулах бэсрэг наадам, тэмээн жин, Адуучин тэмцээн, Хойд Сэнхэрийн агуйтай танилцах болон аяллын маршрутуудаар аялах аялал, олон улсын хөөмэйн наадам, цайны соёлын үзүүлбэр баяр, уран нугаралтын үзүүлбэр тоглолт, цайны зам сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, орон нутгийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, угсаатнуудын соёлын үзүүлбэрүүд гэсэн олон зүйл үйл явдал өрнөж, дараа дараагийн удаад олон мянган жуулчид, аялагчдын сонирхолыг татсан, өвөрмөц үйл ажиллагаа болон түгэн дэлгэрэх эхлэлийг бий болголоо.
Ховдын нутгаар аялбал
Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын таван гол маршрутын нэг нь Мөнххайрхан уулын чиглэл юм. Цайны зам өв соёлын наадмын хөтөлбөр ёсоор бидний хэсэг нөхөд энэ чиглэлд аяллын мөр гаргаж, цас, хяруу нөмөрсөн намрын дунд сарын сэрүүхэн өдөр хоногуудыг аялагчдын ой тоонд хоногшуулан, алжаалыг нь үргээх, аян замын үйл явдал, маршрутын дагуух байгалийн өнгө донжийг гэрэл зургийн болон дүрс, дуу бичигчийн дуранд буулгаж, нэвтрүүлэг /контент/ бэлтгэх ажлаар замд гарахаар хэдийнээс бэлдмэглэн, хүлээзнэж байсан авч, маршрутын дагуу аялах сонирхолтой жуулчид ер олдсонгүй нь яльгүй урам хугалав.
Гэлээ ч хэдүүлэхнээ замд гарч, аяллын зам, харгуйн тоосоор гар, ганзагаа мялаан хуурай цэнхэрийн хавцал, бургаст, улиаст, бор хадны амаар бэдрэн, шинэхэн орсон цасан дундуур, уулын адармаат замыг туулж, зам зуурын байгалийн сонин сайхныг саатан зурагласаар нэгэн өдрийг элээв. Гэвч урд шөнөхөн орсон зузаан цасны улмаас уаз пургон машины хүч мөхөсдөж, “хуурай цэнхэр”-ийн эхнээс цааш, “Улаан говь”-ийн хөтлөөр давах боломжгүй болж, гэдрэг буцан, “дунд цэнхэр”-ийн хавцалаар өгсөж хэсэг яваад бас л цасанд боогдон буцаж, улмаар тариатын өвөлжөөнд хүрч, тэнд буй эртний хүмүүсийн урлаж үлдээсэн хадны зураг дурсгал сэлтийг дурандаа буулгах зэргээр аяллын үйл явцаа байгаль, цаг агаар, зам маршрутынхаа нөхцөл байдалд тохируулахаас аргагүй болсон.
Замын зуурт ажиглан сонирхох аваас хуурай цэнхэрийн хавцал дахь чоно хад, арслан хад зэрэг араатан амьтны дүрст хад чулуу, шохойн чулуу, жоншт цахир голлосон эгц цавчим хадан хясаа, хясааны энгэрт байх анагаан тэтгэгч увидаст ариун рашаан ус гэхчлэн байгалийн гайхам сайхнаас эхлээд, хавцлын дагууд нутаглан буй малчин айл өрхүүдийн аж төрөл, ахуй байдал нь хүртэл гадна, дотнын аялагч жуулчдын сонирхолыг татаж, элдвийг танин мэдүүлэхүйц аяс байдалтай ажээ.
Сонин болгож дурьдахад өнгөрсөн жилийн намар Австралийн нэгэн аялагчтай хамт мөнөө энэхүү хуурай цэнхэрийн хавцлаар өгсөж, Мөнххайрхан сумыг зорьсон ба жуулчин маань хавцалд нутаглаж буй малчин зоны ахуй байдлыг тэгтлээ шимтэн сонирхож, “гэрэл зургийн уран бүтээлийн ховор сонин өгөгдөхүүн байна” хэмээн олзуурхаж, бууж саатаж, янз бүрээр зураг авсаар, мөнөөх хавцалд бараг өдрийн ихэнхийг өнгөрөөж, бүүр бүрэнхий болгож орхиж билээ.
Ер нь бидний аялан, зурагласан энэхүү зам маршрутын тухайд баруун Алтай нутаг дахь аяллын үлэмж сонирхол татахуйц зүйлүүдийг олноор нь багтаасан үзэсгэлэнт газар орнуудын нэг.
Тэрбээр энэ чиглэлд эртний чулуун зэвсэгийн үе, хүн гүрний үе, түрэгийн үеийн түүх соёлын ховор дурсгалуудыг үзэж судлах, нэн ховор амьтан ургамалтай танилцаж нүд сэтгэл баясгах, маршрутын дагуух байгалийн сайханд явганаар болон мориор аялах, уулчид, тамирчдын хувьд Мөнххайрхан ууланд өндрийн авиралт хийх, урианхай, торгууд, захчин, казак зоны уламжлалт аж төрөх ёс, зан заншил, эд өлгийн болон, оюун санааны түүнчлэн ахуйн соёлтой танилцах, рашаан эмчилгээгээр үйлчлүүлэх, загсчилах зэргээр аяллын өргөн үйлчилгээг хүртэх боломжтой. Улмаар энэ маршрут чиглэлийн дагуух нутгийн байгаль газар зүйн байдлын талаар сонирхуулбаас
Мөнххайрханы нуруу нь Алтайн нурууны гол хэсэгт орших бөгөөд баруун хойноосоо 150 км сунаж тогтсон Монгол Алтай дахь хамгийн сүүлийн үеийн мөстлөгтэй уулс юм. Мөнххайрхан уулын хамгийн өндөр буюу ноён оргил нь далайн түвшнээс дээш 4362 метр өндөрт оршино.
Монгол Алтайн нуруун дахь мөсөн голуудын мөстлөгийн дундаж зузаан нь 56 метр байдаг бол Алтай таван богд болон Мөнххайрхан уулсын мөстлөгт хэсгийн мөсний зузаан 130 метр хүрнэ. Алтайн нуруун дахь мөсөн голуудын усны нөөцийг авч үзвэл 63 миллиард шоо метрээр тооцогддог нь Монгол орны гол мөрнүүдийн нийлбэр урсацаас бараг хоёр дахин их ажээ. Тус бүс нутагт мөстлөгийн гаралтай 100 орчим цэнгэг уст нуур бий.
Мөнххайрхан уулын улсын тусгай хамгаалалттай газар нутагт Монгол улсын улаан номонд орсон 30 зүйл хөхтөний 11 нь, мөн 30 зүйл шувууны 24 нь, дөрвөн зүйл хоёр нутагтны нэг нь, зургаан зүйл загасны хоёр нь оршин амьдардаг. Манай оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогддог 72 зүйлийн ургамал, үүнээс Монгол улсын улаан номонд орсон залаархаг хавраг, чийр, нөмрөгт банздоо, тэрчилэн Монгол орноос дэлхийн улаан номонд орсон хоёр ургамлын нэг нь мөн энэ нутагт бий.
Мөнххайрханы тусгай хамгаалалттай бүс нутагт халиун буга, монгол тарвага, цоохор ирвэс, аргаль хонь, бараан хэрэм, шилүүс мий, саарал чоно, янгир зэрэг ховор ан амьтад, хар өрөв тас, хээрийн галуу, хошуу галуу, гангар хун, хималайн хажир, алтайн хойлог, хонин тоодог, жороо тоодог, өгөөлэй, шулганай, цахлай, бургасны уран гэсэн Монгол улсын улаан номонд орсон шувууд бий. Басхүү энэ чиглэлийн маршрутаар аялахад байгалийн өвөрмөц тогтоц бүхий, үзэсгэлэнт газрууд элбэг. Тухайлбал гүрт, ёлт, шуурхай, хөх нуурын хүрхрээ, мөсөн бөөрөг, буурал хайрхан, алаг тэхтийн нуур, долоон нуур, мөнх цаст Мөнххайрхан уулыг энд дурьдаж болно.
Улаан толийн бичигт хад, долоон нуурийн, болон улаан боомын хүн чулуу, хар говийн буган чулуу, шурагийн овоо, хэрэгийн овоо, дуган ширэгийн эхний дуганы туурь гэх мэт түүх соёлын эртний ул мөр, дурсгалт зүйлс, ховор олдворууд элбэгтэй билээ.
Мөнххайрхан уулын чиглэлийн энэхүү маршрут бол Ховд аймгийн аялал жуулчлалын чиглэл маршрутын зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Тус аймгийн нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын маршрутын судалгаа гаргаж, замын чиглэл, зураглалыг гаргах, туршилт хийхэд чиглэгдсэн санаачилга, үйл ажиллагаанууд бүүр 2009 оны үеэс хийгдэж эхэлсэн. 2010 онд Засаг дарга Г.Нямдаваагийн санаачлагаар Ховд аймгийн аяллын маршрут чиглэлийн судалгаа хийх, зураглал гаргах зорилгоор “Ховдын сайхан байгаль” эко аяллыг зохион байгуулж, олон салбар чиглэлийн оролцогчдыг хамруулан, таван гол чиглэлийн маршрутаар 5000 гаруй километрийн аялал зохион байгуулсан ба уг экспедицид багтаж аялсан хүмүүс аяллын маршрутын анхны зураглалыг гаргаж, Ховдын аймгийн байгалийн аялал жуулчлалын тухай “Ховдын сайхан байгаль” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.
Улмаар 2014 онд Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж баталсан бол 2017 онд уг хөтөлбөрийг цогцоор нь шинэчлэн мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж, тэрхүү судалгаанд үндэслэсэн “Гурван цэнхэр төвтэй Таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулан, аймгийн ИТХ-аар батлуулсан. Уг хөтөлбөр ёсоор Ховд аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын таван чиглэл маршрутыг тодорхойлон зурагласан байдаг.
Үүнд: нэгдүгээр чиглэл нь Сэнхэрийн агуй руу аялж, 40,000 жилийн тэртээх зосон зурагтай агуйтай танилцах, явганаар Нүхэн өтгийн хадны зурагтай танилцах, Жаргалант Хайрханы Рашаантын ам руу аялж, Монгол улсын хамгийн өндөр гэсэн тодотголтой хүрхрээг үзэх, Хар нуур, Дөргөн нуур, Дөргөний УЦС, Элсэн манхан, Жанжин овоог үзэж сонирхох, ардын хувьсгалаас өмнө байсан томоохон өртөөний буурийг үзэх, Бөхөнгийн нутаг болох үзэсгэлэнтэй хөндийгөөр аялан, Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Загал Баатрын хиргисүүрийг сонирхох, Ховд аймгийн төв рүү явах замдаа Зэрэг сумын Ерөнхийлөгчийн цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч, улмаар Ишгэн Толгойн хадны зургийг сонирхох.
Хоёр дахь чиглэл нь бага улаан давааг даван, Баянзүрхийн цогцолбороор дайрч, Бодончийн хавцлыг уруудан Үенч сум хүрэх ба Үенч голын хүрхрээг сонирхох зэрэг байгалийн сонин сайхантай танилцах, Бүдүүн харгайт, Нарийн харгайт, бор цонж, ёлхон, хонин ус, тахь усны говиор аялах дашрамдаа эх орны дархан хилийг хамгаалан тулалдаж байгаад амиа алдсан 24 эх орончийн хөшөө гэх мэт 20-р зууны цэрэг эрсийн баатарлаг түүхийг танин мэдэх, Байтагийн нуруугаар аялан, Булган сумын төвд зочлож улмаар. XVII-XVIII зууны үед холбогдох Монгол орны говийн бүсэд өргөнөөр тархсан харуулын шивээний нэг хувилбар гэж үздэг харуул овоог үзэх, дараа нь Үенчийн хавцлаар өгсөн Ховд аймгийг зорих
Харин гурав дахь чиглэл бол Мөнххайрхан сум, Хөх нуур буюу Ямаатын хүрхрээ, Шуурхай, Долоон нуурын эх, Мөнххайрхан уул гэсэн замаар мориор болон явганаар аялана. Мөнххайрхан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4362 метр өндөр бөгөөд Алтай Таван Богдын Хүйтний оргилын дараа ордог өндөр хайрхан юм. Энэ чиглэл нь адал явдалт экстрем аялалд тохиромжтой.
Дөрөв дэх чиглэл Цамбагарав уулын чиглэлд аялах аялал. Энэ уул нь ан амьтнаар элбэг тул явган аяллын хөтөлбөрт нэн тохиромжтой Цамбагарав уулын орчинд өөлд, мянгад айл өрхүүдээр зочлон сүү цагаан идээ эргүүлэх нь сайхан. Цамбагарав уулын өвөр дэх Харгантын хадны зураг гэх мэт түүх соёлын дурсгалаар элбэг
Тав дахь чиглэл нь Мянгад сумын нутаг төрийн тахилгат Алтан Хөхий уул руу аялах, Алтан хөхий уулын өвөрт байх төрийн тахилгад зориулсан цогцолборы үзэж сонирхох, түүх соёлын дурсгалууд, ховор рашаан хадны зургуудыг үзэж сонирхох, Бөлбөөтийн тохойд тухайн улирлаасаа хамааран Бөлбөө цэцэг ургадаг бөгөөд тэндээсээ Хар нуурын эрэг дагуу аялсаар Дөргөн нуурт очиж хоноглож, улмаар Чандмань суманд очиж, Монгол хөөмийн эх нутагтай танилцах аяллууд юм.
Баруун Монголчуудын цайны соёл
Цайны зам өв соёлын наадмын хөтөлбөрийн хүрээн дэх дэх гол арга хэмжээнүүдийн нэг нь угсаатны цайны соёлыг таниулах үйл явдал байв. Энэхүү өв соёлын наадам нь Хөх хотоос Улиастай, Ховд Кош-Агач, Бийск гэсэн маршрутаар цайны худалдаа хийдэг байсан эртний худалдааны түүхийн холбогдолтой нэрээр нэрлэгдсэн хэдий ч аялал жуулчлал талаасаа жуулчид, аяалагчдын сонирхлыг зүй ёсоор татах чухал үйл явдал нь Ховд аймагт оршин амьдардаг баруун Алтайн буюу баруун Монголын уугуул угсаатнуудын цайны хүнс бэлтгэх, цай чанах соёлын олон янз байдлууд гэдэгтэй маргашгүй.
Аймгийн төвийн Амарсанаа баатарын цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах өв соёлын хүрээлэнгийн дэргэд угсаатнууд тус, тусын гэрийг барьж, өөрсдийн онцлог бүхий уламжлалт арга барилаар цайгаа чанаж, зочид гийчид, жуулчид, сонирхогчдыг дайлж, үйлчилж байсан нь ихээхэн сонирхолтой байв.
Угсаатнуудын цайны соёлын онцлог байдал, амт чанарын талаар сурвалжлан, асууж танилцсанаа тус бүрээр нь толилуулбал.
Булган сумын торгууд зоны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг, ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим шүлт нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж, үндсэндээ эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж. Ингэж чанасан цай нь ууц нуруунд нь юм орсон хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй хэмээн цай чанаж байсан эзэгтэй тайлбарлав.
Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг сумдын захчин зоны хувьд мөн ялгаагүй ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил хонины сүүл гэх мэтээр хийцэлж, ядаргаа тайлах чадвартай, ааг, амт сайтай уураг шаргал цай чанана.
Урианхай түмэн тавалсан болон хариулсан цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнд чанаж өгдөг ажээ. Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочидод аягалан барьдаг.
Дарви, Чандмань сумын халх зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон янзын цай чанадаг гэх. Энэ удаагийн үзүүлбэрт тэд хонины толгойтой, хийцэлж тавалсан цай чанасан байв. Энэ цай нь нэг ёсондоо эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид чадалтай хэмээн эзэгтэй танилцуулсан. Хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь 2 цаг битүү чанаж болгоод, дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог юм байна. Өдгөө Дарви, Цэцэг сумын нутагт ургадаг цайны ургамлаар “Сутай” гэдэг нэртэй цайг Дарви суманд үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ цай нь эмийн ургамлын найрлагатай хүний эрүүл мэндэд ач тустай, амт чанар сайтай гээд олон талын ач холбогдолтой тул борлуулалт сайтай байдгийг бид мэднэ.
Дөргөн сумын дөрвөд угсаатны хувьд хонины шийртэй хийцэлсэн цай чанасан байна. Дээрхийн адил хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтайгаас гадна хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг байна.
Мянгад суман дахь Мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янз цайнууд чанадаг. Энэхүү цайны зам наадмын үзүүлбэрт тэд өвөг дээдсээс уламжлагдсан тавалсан цайг чанаж бэлджээ. Тавалсан цай нь урьд үгүүлснээр тогоон дээр цайгаа хийж, идээшүүлсний дараа данх болон “чүүгт” буцаан юүлж, шанага хэртэйг тогоон дээр үүгээд дээр нь сүүгээ хийж самран буцалгах ба айргийн болон шар тос орхиж, заримдаа арвайн гурил самрах зэргээр хийцэлж, тавладаг байна.
Олон улсын хөөмэйн тавдугаар наадам
Цайны зам өв соёлын наадмын хүрээнд Ховд аймагт зохион байгуулагдсан олон улсын хөөмийн тавдугаар наадамд зургаан орны 146 оролцогч оролцов. Гоцлол хөөмий, хамтлаг хөөмий, хөөмийн орчин үеийн үзүүлбэр, хүүхдийн гоцлол гэсэн төрөл төрлөөр явагдсан энэ удаагийн хөөмийн наадмыг урьд урьдынхаас харьцангуй өндөр түвшинд, чансаатай явагдсан хэмээн оролцогчод, мөн сонирхогч үзэгчид үнэлж байсан.
Наадмыг гоцлол төрлийн тэргүүн байранд хөөмэйч Ц.Мөнхбат шалгарсан бол, тэргүүн дэд шагналыг хөөмийч Ц.Цогтгэрэл /алдарт хөөмэйч УГЗ Цэрэндаваагийн хүү/, мөн дэд байрын шагналыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөөмэйч Х.Ганзориг, гутгаар байрын шагналыг Өвөр Монголын Өөртэй засах орны хөөмэйч Атена, тусгай байрын шагналыг мөн Өвөр Монголын Өөртэй засах орны хөөмэйч Алтанхуяг нар хүртэв. Хамтлаг төрлийн тэргүүн байрыг “Хос Алтай” хамтлаг, дэд байрыг “Нүүдэлчин” хамтлаг, гутгаар байрыг Өвөр Монголын өөртэй засах орны “Аянчин” хамтлаг, Тусгай байрыг “Жангар” хамтлаг тус тус эзэлсэн. Хөөмэйн орчин үзүүлбэр аймгийн төв талбайд задгай тайзнаа явагдсан нь илүү сонирхолтой хийгээд чанартай сайн үзүүлбэр ч олон байсан. Тэрээр энэ төрлийн тэргүүн байранд Ховд их сургуулийн язгуур урлагийн тэнхимийн багш, хөөмэйч Д.Золзаяа, дэд байранд Өвөр Монголын хөөмэйч Сарэнтунала, гутгаар байранд Д.Басан нар шалгарсан. Харин хүүхдийн гоцлол төрөлд тэргүүн байрыг Т.Мөнх-Очир, дэд байрыг М.Түвшинцэнгэл, гуравдугаар байрыг Ц.Мөнгөнтулга нар эзэлсэн юм.
“Алтан хэлхээ” уран нугаралтын наадам
“Цайны зам 2018” олон улсын өв соёлын наадмын хүрээнд зохион байгуулагдсан бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болох “Алтан хэлхээ” уран нугаралтын анхдугаар наадам Ховд аймгийн Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдсан. Уран нугаралтын наадмыг зугаагаас есөн нас, арваас арван зургаан нас гэсэн хоёр ангиллаар, хамтлаг болон гоцлол гэсэн төрлөөр явуулсан юм.
Энэ нааадамд нийт 68 хүүхэд багачууд авъяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс бага насны ангилалд гоцлол төрлөөр Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Тэнгэр-охин багштай бүжгийн дугуйлангийн сурагч Х.Ууганзаяа тэргүүн байр, М.Намуундарь дэд байр, Саранзаяа гуравдугаар байранд тус тус шалгарсан. Харин бага насны хамтлаг төрлийн тэргүүн байранд Ховд аймгийн Цэцэг сумын уран нугараачид, удаах байранд Мөн ГБХЗХГ-ын дэргэдэх “Тэнгэрийн дагинас” хамтлаг шалгарсан байна.
“Алтан хэлхээ” уран нугаралтийн энэхүү наадам нь анх удаагаа ийнхүү олон улсын чанартай томоохон арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа нь онцлог зүйл болсон ба цаашид аялал жуулчлалын евэнт арга хэмжээний хөтөлбөрт тогтмол орж уламжлал болгон зохиогдохоор төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр Ховд аймаг баруун Монгол түмний соёлын урлагийн бас нэг өвөрмөц, онцгой зүйл болох уран нугарлтыг хөгжүүлэх, төрөлхийн авъяс тээсэн хүүхэд багачуудыг багаас нь тодруулан сургаж ур чадварыг нь ахиулах, улс орон олон улсын тавцанд гаргаж сурталчилан таниулах боломж нээгдэж байгаагаараа сайн талтай билээ.