Хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа

By: Admin
2024-11-22
0
2951

Эрүүл мэндийн зөвлөгөө

Сүүлийн жилүүдэд Монгол улсад тархины цус харвалттай өвчтөний тоо нэмэгдэж үүнтэй холбоотой цус харвалтын дараах асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай болоод байгаа.

Асаргаа сувилгаа нь:

  • Өвчтөний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хадгалах
  • Гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх
  • Аль болох богино хугацаанд эрүүл болоход туслах
  • Дордуулахгүй, нэмэлт зовиур үүсгэхгүй байх
  • Сэтгэл санааны хэвийн байдлыг хангах , эрүүлжүүлэхэд чиглэгдэнэ.

Үүсэх хүндрэл, эмгэг байдал

  • Саа саажилт үүсэх
  • Нуралт, холголт, цооролт үүсэх
  • Өөртөө үйлчлэх чадваргүй болох
  • Хахаж цацах эрсдэлтэй
  • Залгихад бэрхшээлтэй болох
  • Шээс хаагдах болон задгайрах
  • Өтгөн хатах эрсдэлтэй
  • Унаж бэртэх эрсдэлтэй
  • Сэтгэл санааны хямралд орох эрсдэлтэй
  • Харааны болон орон зайн баримжаа алдагдах
  • Үе болон толгой, булчин өвдөлттэй болох
  • Нойргүйдэл

Нуралт, холголт, цооролт үүсэх цэг талбай

  • Дагз
  • Дал нурууны яснууд
  • Ахар сүүлний хэсэг
  • Сүүжний ясны орчим
  • Өвдөг
  • Хөлийн өсгий
  • Тохойн хэсэг
  • Хөлийн шагай

Холголт, нуралт, цооролт нь нэг байрлалт удаан хугацаагаар хэвтсэнээс болж үүсдэг.

            Харвалтын зарим хэлбэрүүд тухайлбал: бүрхүүлийн доорх цус харвалтын үед хэвтрийн дэглэм баримтлах хэрэгтэй. Харин бусад хэлбэрүүдийн үед хэвтрийн дэглэм сахих шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.

            Хэвтрийн дэглэм гэдэг нь огт хөдөлгөөнгүй дээш харж хэвтэнэ гэсэн үг биш, тодорхой хугацаанд байрлалаа (дээш харж хэвтэх, баруун талаар хэвтэх, зүүн талаар хэвтэх) сольж байх ёстой.

  • Байрлалыг 30 минутаас 2 цаг тутамд солих
  • Ор дэвсгэрийг цэвэр тэнэгэр байлгах
  • Норсон гудас цагаан хэрэглэлийг тухай бүрт нь заавал солих
  • Арьсийг цэвэр хуурай байлгаж, ямар нэг тууралт, хогжруутсан эсэхийг шалгах байх
  • Хэвтэж байсан талд иллэг хийх
  • Цооролт үүсч болох талд дэр, ивээс хэрэглэх
  • Нуруу болон биед нь зөөлөн иллэг, массаж хийж өгч байх
  • Биеийн аль нэг хэсэгт нуралт үүссэн бол цэвэр бүлээн усаар угаагаад хуурай болтол нь зөөлөн дарж хатаах ба тэр хэсгийг байнга хуурай байлгах хэрэгтэй.

Биеийн аль нэг хэсэгт цооролт үүссэн бол савантай бүлээн усаар сайтар угаагаад шархны эдгэрэлтийг хурдасгах зорилгоор куриозин хэрэглэнэ. Мөн антибиотиктой тос эсвэл тамединтэй тос түрхээд ил байлгаж болно. Шарханд тос түрхэлгүй орхивол хуурайшиж цус гарна. Шархыг өдөрт 2-3 удаа угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

                                                                                                                                         Мэдрэлийн тасгийн ээлжийн сувилагч: М.Алтанай


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account