"Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган" Ховд аймагт явагдаж өндөрлөв

By: Admin
2024-12-25
0
2006

“Огторгуйн далай заяа бандида” Намхайжамцын нэрэмжит Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган энэ оны 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай явагдлаа.

Чуулганыг зохион байгуулах болсон гол үндэслэл нь оюуны соёлын нэгэн чухал зүйл болох утга, уран зохиолын тухай ойлголтыг орон нутгийн ард олны дунд улам дэлгэрүүлэх, нэр бүхий зохиолч, найрагчдын дурсгалыг мөнхжүүлэх, шинэ санаачлага, эрэлхийллүүдийг туршин, гажуудал туйлширлыг залруулахад чиглэгдсэн алхам хийх, мөнхүү төр засаг хийгээд, нутгийн удирдлага, захиргааны байгууллагаас боловсруулж, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдэд энэ чиглэлийн хүлээгдэж буй асуудлуудыг шигтгэн оруулж, байр зайг нь эзлүүлэхийн тулд тал, талаасаа хэрхэн хамтарч ажиллах хэрэгтэйг ярилцаж, зөвлөлдөхөд оршиж байлаа хэмээн МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбарын гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Г.Төрмөнх ярьсан юм.

Чуулганы хүрээнд:

“Утга зохиол, оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт онол, амьдралын бага хурал,

МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит яруу найргийн чуулбар,

Дууны яруу найргийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж агсаны уран бүтээлийн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөний нээлт,  

Ховд аймгийн Буянт суманд уншигч зохиолчдын уулзалт, зохиолч, оролцогчдын уран бүтээлийн аялал гэсэн үйл ажиллагаанууд явагдсан.

Өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн санаачлагаар тус аймагт болсон Баруун бүсийн зохиолчдын анхдугаар чуулганы үеэр уг арга хэмжээг жил тутам, аймгуудад ээлжилэн зохион байгуулах санаачлага гарсаны дагуу 2019 онд ийнхүү Ховд аймагт зохиогдсон юм байна. II чуулганаас дараа, дараагийн үйл ажиллагааг Говь-Алтай /2020 онд/, Увс 2021 онд, Баянхонгор 2022 онд, Баян-Өлгий 2023 онд жил дараалж буухиалан зохион байгуулахаар тогтсон нь Завханы зохиолчдын байгууллагын тэргүүн, яруу найрагч  Б.Баяржавхлан нарын 2018 онд анх санаачилсан энэхүү үйл хэргийн цаашдын замналыг улам тодруулан бататгаж байгаа хэрэг.  Энэ удаагийн чуулганд Ховдоос гадна, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Баян-Өлгий аймгийн Зохиолчдын байгууллагын удирдлага болон төлөөлөгчид, мөн Улаанбаатар, Налайх, Дархан хотуудаас яруу найрагчид, зохиолчид, судлаачид, МЗЭ-ийн эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ Долгорын Цэнджав, МЗЭ-ийн Алтай салбарын УЗ-ын дарга зохиолч А.Жаргалсайхан, Ховд аймгийн удирдлага, мөн утга зохиол  судлаачид, зохиолч, яруу найрагчид, соёл утга зохиолын зүтгэлтнүүд, утга зохиол сонирхогчид 60 гаруй хүн оролцсон.

Чуулганы нээлтэн дээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав хэлэхдээ: “өнгөрсөн, жил 2018 оны 10 дугаар сард Завхан аймагт болсон Баруун бүсийн зохиолчдын анхдугаар чуулганы үеэр МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбарын тэргүүн Г.Төрмөнх баруун бүсийн II чуулганыг 2019 онд Ховд аймагт хариуцан зохион байгуулахаар амалсанаа ийнхүү биелүүлж чадлаа. Зохиолчид туурвигчид бид, ялангуяа аймаг, аймагтаа байгаа зохиолчдын байгууллага, мөн зохиолчдын төлөөллүүд ийнхүү хуран чуулж, болж байгаа болон тулгамдаж хүлээгдэж байгаа зүйлээ харилцан зөвлөлдөж, цаашдын арга замаа тодорхойлох нь яах аргагүй цаг үеийн шаардлагаас урган гарсан, өөрөөр хэлбэл нэн хэрэгцээтэй зүйл, энэ удаагийн чуулганы хөтөлбөр, удирдамжаас харахад зохион байгуулах арга барилын хувьд шинэлэг, өөр байдлаар сэтгэж хийж байгаа нь сонирхол татаж байна” хэмээсэн.       

Онол амьдралын бага хуралд Ховд аймаг дахь “Алтай” салбарын захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч,  судлаач Г.Төрмөнх, “Орон нутаг дахь соёл, утга зохиолын амьдралын төлөв байдал, санал гаргалгаа” сэдэвт,  Говь-Алтай аймгийн салбарын тэргүүн, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч Г.Чардаг, “Хөдөөгийн Зохиолчдын бичлэгийн арга барилд хийсэн ажиглалт” сэдэвт, Баян-Өлгий аймгийн Зохиолчдын байгууллагын тэргүүн МУСГЗ зохиолч, орчуулагч Р.Сураган, “Монголын яруу найраг дахь орчуулгын асуудалд” сэдэвт, Ховд их сургуулийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, хэл, утга зохиол судлаач, доктор Д.Өрнөхдэлгэр, “Ховд их сургуулийн уран зохиолын дугуйлангын уламжлал, шинэчлэл” сэдэвт,  МЗЭ-ийн шагналт, зохиолч, судлаач Да.Жаргалсайхан “Зууны дуунууд” сэдэвт, МЗЭ-ийн болон Алтан-Өд шагналт, утга зохиол судлаач, яруу найрагч Г.Бямбажав “Хөөдөөгийн Эрдэнэбаатарын уран бүтээлд хийсэн задлан шинжлэл” сэдэвт, Ховд их  сургуулийн багш, хэл зохиол судлаач И.Жавхлан мөн “Хөөдөөгийн Эрдэнэбаатрын намтар, уран бүтээл” сэдэвт, Ховд аймгийн 6 дугаар сургуулийн багш, хэл зохиол судлаач Ц.Ганчимэг “Уран бүтээлийн онгодын талаарх зохиолч, яруу найрагчдын үзэл төсөөлөл, ойлголтын зөрүү”  сэдэвт, ”Завхан аймгийн Зохиолчдын байгууллагын тэргүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баяржавхлан “Орон нутаг дахь утга зохиолын өнөөгийн байдал, шинэ эрэлхийлэл” сэдэвт, Баянхонгор аймгийн зохиолчдын байгууллагын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Жавзандулам, Баянхонгор аймгийн зохиолчдын байгууллагын үйл ажиллагааны тухай, Увс аймгийн Зохиолчдын байгууллагын тэргүүн Г.Оюун-Эрдэнэ “Залуучуудын боловсролын түвшин ба оюун санааны амьдрал /Увс аймгийн жишээн дээр/” сэдэвт илтгэлүүдээ хэлэлцүүлж, мөн дээрх илтгэлүүд болон чуулганы агуулга зорилготой холбоотой хэлэлцүүлэг өрнүүлсэн ба уг хэлэлцүүлгийн үр дүнд орон нутагт төдийгүй Монгол орны хувьд соёл, утга зохиолын амьдралд шинэлэг санаа, арга барилыг бий болгох, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжийн төсөл гарсан юм.

Яруу найргийн наадмын тайзны уншлагын шатанд 30 найрагч шүлэг зохиолоо толилуулан оролцсоноос Ховд аймгийн малчин, яруу найрагч Уушийн Батболдын “Сэтгэл минь  тэнгэрт л амардаг”, Говь-Алтай аймгийн яруу найрагч Хадбаасангийн Чимэдрэгзэнгийн “Юунд ч санаа зовохгүй”, мөн Говь- Алтай аймгийн залуу яруу найрагч  М.Сүнжимдаагийн “Аавдаа”, Улаанбаатараас оролцсон яруу найрагч Буяндалайн Буянбадрахын “Эртний нутаг”, Налайхаас оролцсон залуу яруу найрагч Цогоогийн Отгонбаатарын “Би чоно” шүлгүүд онцлох шүлгээр шалгарч шагнал гардсан. Мөн Х.Эрдэнэбаатар сангаас яруу найрагч Б.Буянбадрахад нэрт найрагч Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит шагналыг олгосон юм. Яруу найргийн наадмыг ийнхүү дэс дараалан байр эзлүүлэхгүйгээр, онцлох шүлгүүдийг шалгаруулан, урамшуулж байгаа нь энэ талаар гарсаар байгаа шүүмжлэлтэй хандлагуудыг анхаарч, эрэлхийлэлд өдөөж буйн нэгэн хэлбэр ажээ. Оролцогчдын уншсан шүлэг, бүтээлүүдийг МЗЭ-ийн болон "Алтан өд" шагналт яруу найрагч, утга зохиол судлаач Г.Бямбажав, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Г.Төрмөнх, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэр, утга зохиол судлаач доктор В.Янжиндулам, МЗЭ-ийн гишүүн зохиолч А.Жаргалсайхан нар шүүн тунгаасан.   

9 сарын 24-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутагт,  дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж агсаны төрсөн газарт, найрагчийн уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийг хийсэн нь Ховд аймгийн утга соёлын амьдралд болж буй нэгэн түүхт үйл явдал гэж болно. Гэрэлт хөшөөний нээлтэнд нэрт найрагч Л.Дагвадоржийн төрсөн дүү, уг ажлыг анх санаачлан зохион байгуулагч Л.Цэрэндулам, мөн санаачилагчдын нэг яруу найрагч Б.Магсаржав, аймгийн болон Буянт сумын удирдлагууд, ажил хариуцсан хүмүүс, уг хөшөөг урлан бүтээсэн зураач, урлаач Г.Аюурзана хийгээд бүсийн утга, уран зохиолын чуулганд оролцогсод, ард иргэд оролцов. Тэрчилэн энэ өдөр Буянт сумын 12 жилийн сургууль дээр тус сургуулийн сурагчдын зочдод зориулсан үзүүлбэр тоглолт, чуулганд оролцогч зохиолчдын чөлөөт уулзалт боллоо.

Чуулганд оролцогчдын санал нэгтэй зөвшиснөөр энэ чуулганы үр дүнд оролцогч аймгуудад болоод газар, газарт оюуны соёлын үр шимийг түгээн дэлгэрүүлэх, үүнтэй холбоотой бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, тал бүрийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн уриалга гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр болсон байна.

“Огторгуйн далай заяа бандида” Намхайжамцын нэрэмжит Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулганы зохион байгуулагчаар МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, хамтран зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Буянт сумын ИТХ, ЗДТГ, 12 жилийн сургууль, Соёлын төв, мөн Ховд их сургууль, аймгийн Хөгжимт драмын театр гэсэн байгууллагууд ажилласан.

Янжинсүрэн захиралтай “Заяа дэлгэрэх” ХХК, Сайханжаргал захиралтай “Ич Монгол” ХХК, Төрбат захиралтай ХААН банкны Ховд аймаг дахь салбар, Г.Цэдэнбал захиралтай “Элсэн шанаа” жуулчны бааз, Батсүх захиралтай АЗЗА ХХК, мөн салбарын гишүүн зарим зохиолчид энэхүү чуулганыг амжилттай явагдахад хандив дэмжлэгээ нэмэрлэсэн бол /khovdnews.mn/ сайт, “Ховдын толь” сонин, /mongolgarag.mn/ сайт, Жаргалант телевиз, Ховд телевиз, Эко телевизүүд мэдээллийн спонсороор ажилласан байна.   

                                                                                                                                                                                                                     Сэтгүүлч Г.Энхжаргал         

                                           

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account