БАРУУН БҮСИЙН СОЁЛ-УТГА ЗОХИОЛЫН ЧУУЛГАН 2024 оны 5 дугаар сарын 17-нд Ховд аймгийн төвд болно

By: Admin
2024-12-25
0
504

Соёл-Утга зохиол

Урьд нь мэдээлсэнчлэн (“Ховдын толь” сонины 2023 оны сүүлчийн дугаар, 2024 оны 01 дугаарт, мөн www.mongolgarag.mn сайтад) Ховд аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөн чиглэл, удирдамж, зарим бэлтгэл ажлууд нь хийгдээд байсан Соёл-Утга зохиолын чуулганыг аймгийн 2023 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тухайн оныхоо 11 дүгээр сард зохион явуулахаар тусгаж баталсан бөгөөд уг чуулганыг 2023 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов тогтон, чуулганы хүрээнд явагдах утга зохиолын наадам өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурлуудад толилуулагдах бүтээл сонгон шалгаруулалтын зар мэдээллийг явуулж, эхний шатны сонгон шалгаруулалтыг хийж, оролцогсдод мөн зар мэдээллийг хүргүүлж бэлтгээд байтал аймгийн удирдлага хойшлуулах шийдвэр гаргаж, улмаар 1 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд буюу мөсний баярын үеэр, 3 дугаар сарын дунд үед гэсэн товуудыг тогтоож, дахин дахин (гурван удаа) хойшлогдсоор сая 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар явагддаг номын өдөрлөгтэй хамтатган зохион байгуулахаар удирдамж хөтөлбөр нь эцсийн байдлаар батлагдав.   

5 дугаар сарын 17-нд болох Соёл-Утга зохиолын чуулганы хүрээнд:

  • “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” онол, амьдралын бага хурал, хэлэлцүүлэг
  • МЗЭ-ийн шагналт, Болор цом шагналт Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит “Алтайн дуулал” яруу найраг, богино хүүрнэл зохиолын өдөрлөг, (наадам)
  • Уншигч, зохиолчдын уулзалт
  • “Соёл-Утга зохиол-Орон нутаг” сэдэвт зөвлөлдөх уулзалт
  • Уран бүтээлийн үзэсгэлэн яармаг гэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Хэл соёл, утга зохиолын амьдралын түүхэн онцлог, эрхэмлэх зүйлүүд, амьд туурвилуудыг олонд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, Бүс нутаг болон хөдөө, орон нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, соёл утга зохиолын чиглэлээр бүс нутаг хийгээд үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус холбогдох бусад байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, утга зохиол, урлаг соёлын хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чуулганы үндсэн зорилго чиглэгдэнэ. 

Энэхүү чуулганд: Үндэсний хэмжээнд тэргүүлэх байр суурь бүхий нэрт зохиолчид, яруу найрагчид, соёл, утга зохиолын зүтгэлтгүүд, Үндэсний Ном, Соёлын болон Зохиолчдын байгууллагын албан ёсны төлөөллүүд, баруун бүсийн аймгуудын Ном, Соёл, Зохиолчдын салбар байгууллагын удирдлага, төлөөлөл, зохиолч, яруу найрагчид, соёл-утга зохиол судлаачид, сонирхогчид оролцоно. Чуулганы зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Соёл Урлагийн газар, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар; Хамтран зохион байгуулагчаар; Монголын Зохиолчдын Эвлэл, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хэл зохиолын тэнхим, Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр хамтран ажиллана. 

SUZCh 1

Өдгөөгөөс 6 жилийн өмнө Монгол улсын баруун бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй зохиолчдын нэгдэл, МЗЭ-ийн салбар байгууллагуудаас утга, уран зохиолын нэгдсэн үйл ажиллагааг тухайн бүсийн аймгууддаа ээлжлэн явуулж байхаар санаачилга гаргаж, анх 2018 онд Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн түүхт ойг тэмдэглэх жилийн ажлын хүрээнд Завхан аймагт бүсийн зохиолчдын уулзалт чуулганыг зохион байгуулсан бол II чуулганыг 2019 онд Ховд аймагт өргөн дэлгэр зохион явуулсан нь энэ чиглэлийн үйлсэд тодорхой ахиц, дэвшлийг буй болгосон байдаг.   Эдгээрийг цаашид дэлгэрүүлэхийн тулд Монгол улсын соёлын тухай хууль, Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн /2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/119 дугаар/ чиглэл, зөвлөмжийг удирдлага болгон “Соёл-Утга зохиол, оюуны бүтээлчдийн III чуулган”-ыг Зохион явуулахаар Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусган батлуулаад байсан билээ. Соёл-Утга зохиолын чуулганы хүрээнд явагдах үйл ажиллагаануудад сонирхон оролцож, шимтэн үзэж, сонсож, оюуны сэтгэлийн хөг, эрчмээ тэтгэхийг өргөн олон нийтдээ санал болгож байна.  

Ховд аймагт зохион байгуулагдах “Соёл-Утга

зохиолын чуулган”-ы нэгдсэн хөтөлбөр

                                            2024 оны 5 дугаар сарын 17 - ны өдөр

                  - Соёл-Утга зохиолын чуулганы нээлтийн ажиллагаа /2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8.30-8.50 цаг /Ховд аймгийн НУО-ны хурлын их танхимд/

                  - Хүндэтгэлийн хуралдаан - Уншигч зохиолчдын уулзалт /8.50-10.00 цаг - Аймгийн НУО-ны хурлын их танхим/

                  - “Утга зохиол-Оюун санааны мөнхийн өв, баялаг” сэдэвт онол, амьдралын бага хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөн – 10.00 – 13.00 цаг  /аймгийн НУО-ны хуралдааны танхим/

                  - Үдийн хоол – чөлөөт цаг  /13.00 – 14.30 цаг/

                  - “Орон нутаг-Оюуны соёл” сэдэвт зөвлөлдөх уулзалт 14.30 – 16.30 цаг  /аймгийн НУО-ны хуралдааны бага танхим/

                  - Зохиолчдын салбарын оффис, Номын сан, Ховд их сургуулиар зочлох /16.30-аас 17.30 цаг/

                  - Оройн хоолны цаг /17.30-18.30 цаг/

                    - Яруу найраг, богино үгүүллэгийн чуулбар (наадам) /аймгийн ХДТ-т/ 18.30-21.30 цаг.

                   - Орон нутгийн бүсийн аймгуудын оюуны бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэн яармаг /аймгийн НУО-ны нэгдүгээр давхар 8.30.00-21.00 цаг/

 2024 оны 5 дугаар сарын 18ий өдөр

                 - Өглөөн цай /08.00-09.30, цаг/

                  - Танилцах, уран бүтээлийн аялал (тусгай хөтөлбөрөөр) – 10.00-12.30 цаг

                 - Зочдыг үдэх    14.00 цагаас

Ном, бүтээлийн үзэсгэлэн, яармаг

 Ном бүтээлийн үзэсгэлэн яармаг гаргах тухай зар  мэдээлэл   

Утга зохиол, оюуны соёлын бүсийн чуулганы хүрээнд ном, бүтээлийн үзэсгэлэн яармагийг  гаргах бөгөөд уг яармагт уран зохиолын болон бусад төрлийн оюуны бүтээл туурвилууд, уран зураг, хөгжмийн бүтээлүүд, мөн бусад төрлийн оюуны бүтээлүүд тавигдана. Үзэсгэлэн яармагт бүтээлээ оролцуулах хүсэлтэй оюуны бүтээлчид 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Ховд аймгийн Нийтийн сантай холбогдож үзэсгэлэн яармагт оролцуулах ном бүтээлээ бүртгүүлж, хүлээлгэж өгнө.

 Үйл ажиллагаа:

Үзэсгэлэг яармагт тавигдаж буй ном бүтээлүүдийн тухай танилцуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд /телевиз, сонин, радио, цахим сайт/, хотын талбай дахь дэлгэц, олон нийтийн цахим сүлжээгээр сурталчилна. Үзэсгэлэн яармагийг Утга зохиол соёлын чуулганы үйл ажиллагаа эхлэхээс өндөрлөх хүртэлх хугацаанд гаргана. /талбай эсвэл танхимыг жич шийднэ/ Үзэсгэлэн яармагт тавигдсан бүтээлүүдийг сонирхогчдод, олон түмэнд танилцуулах үйлчилгээний хүмүүс ажиллах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр тэдгээр ном бүтээлүүдийн тухай танилцуулга, тайлбаруудыг үзэсгэлэнгийн талбарт дэлгэцээр байнга үзүүлэхээр зохицуулалт хийгдэнэ. Мөн чуулганы хүрээнд хот хөдөө болон аймгууд, гадаад улс дахь МЗЭ-ийн салбар төлөөлөгчийн газруудын хооронд ном бүтээлийн сан бүрдүүлэх, түгээлт худалдааны чиглэлээр хамтран ажиллах хэлцэл, ном солилцох уулзалт, хамтын ажиллагааны ёсчлол хийгдэнэ.

Ховд аймагт 2024 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болох “Соёл-Утга зохиолын чуулган”-ы хүрээнд явагдах яруу найраг, богино хэмжээний хүүрнэл зохиолын наадмын тайзны толилуулгад сонгогдсон бүтээлүүд   

                                                 Нэг: Яруу найргийн төрөлд

  1. Төрийн Баянсан - “Бодлын оршихуй”, “Алтан шумуул шиг үүлсийн нүүдэл”
  2. Ланзадын Мөнхбаатар-  “Хөл хүнд өвс”, “Хөх бороо”
  3. Доржбалын Энхбаяр - “Харгуй”, Хүрээ газраас ижийдээ хайлсан тэмдэглэл”
  4. Жамбын Төмөрчулуун - “Хонины бэлчээрт”, Нэргүй шүлэг”
  5. Төмөрийн Цэдэнсодном – Шүлгүүд
  6. Х.Амарбаян - “Орчлонгийн сайхныг би мэднэ”, “Хорвоо”
  7. Балжаагийн Баттулга – “Өвөл”, “Бурхан”, “Сандал”
  8. Увшийн Батболд “Бурхдын өлмий дор”
  9. Г.Хашбаатар – “Хөмрөг манан дотор том жижиг хоёр мөөг”, “Алла Пугачевад”
  10. Гомбосүрэнгийн Бямбаа – “Нэргүй шүлэг”, “Бийск”
  11. Гэндэнжавын Наранцогт – “Цэнхэр үдшийн уянга”, “Малина”
  12. Норовын Гантулга – “Дастаны цагаан унага”, “Үзэгний дууль”
  13. Цэдэнбалын Пүрэвсүрэн “Хаврын аялгуу”, “Бүсгүй”
  14. Баасанхүүгийн Баяраа - “Хөөрхий дөө хөөрхий”, “Талын ганц хайрхан”
  15. Буяндалайн Цогбадрах - “Аж төрөхүй”, “Сэхээрэхүй”
  16. Чимэдийн Жаргалцэцэг – Шүлгүүд
  17. Цогоогийн Отгонбаатар – “Морьтын гүн цэнхэрлэгт”, “Эрээн цавын намар”
  18. Самбарьдын Батчулуун – “Амьд уул”, “Золиос”

                                       Хоёр: Богино хүүрнэл зохиолын төрөлд

  1. Гочоогийн Чардаг - “Үдийн цай”, “Сүүлчийн тулаан”
  2. Тогтохбаярын Хонгорзул “Нөхөөс”, “Тэнгэрийн зул”
  3. Аюушийн Жаргалсайхан – “Өрх”
  4. Ланзадын Мөнхбаатар – “Хүний ганц”
  5. Хадбаасангийн Чимэдрэгзэн – “Банхар”
  6. Буяндалайн Буянбадрах “Дэгдээмэл”  
  7. SUZCh 2

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 6 =

Create Account



Log In Your Account