Баруун Монголчуудын цайны соёл

By: Admin
2024-11-22
0
1112

Цайны зам өв соёлын наадмын хөтөлбөрийн хүрээн дэх гол арга хэмжээнүүдийн нэг нь угсаатны цайны соёлыг таниулах үйл явдал юм. Энэхүү өв соёлын наадам нь Хөх хотоос Улиастай, Ховд, Кош-Агач, Бийск гэсэн маршрутаар цайны худалдаа хийдэг байсан эртний худалдааны түүхийн холбогдолтой нэрээр нэрлэгдсэн хэдий ч аялал жуулчлал талаасаа жуулчид, аялагчдын сонирхлыг зүй ёсоор татах чухал үйл явдал нь Ховд аймагт оршин амьдардаг баруун Алтайн буюу баруун Монголын уугуул угсаатнуудын  цайны хүнс бэлтгэх, цай чанах соёлын олон янз байдлууд гэдэгтэй маргашгүй.

Энэ удаад аймгийн төвийн төв талбайд угсаатнууд тус тусын гэрийг барьж, өөрсдийн онцлог бүхий уламжлалт арга барилаар цайгаа чанаж, зочид гийчид, жуулчид, сонирхогчдыг дайлж, үйлчилж байлаа. Угсаатнуудын цайны соёлын онцлог байдал, амт чанарын талаар сурвалжлан, асууж танилцсанаа тус бүрээр нь толилуулбал.

 

Булган сумын торгууд зоны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг, ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим шүлт нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж, үндсэндээ эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж. Ингэж чанасан цай нь ууц нуруунд нь юм орсон хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй хэмээн цай чанаж байсан эзэгтэй тайлбарлав.

 

Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг сумдын захчин зоны хувьд мөн ялгаагүй ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил хонины сүүл гэх мэтээр хийцлэж, ядаргаа тайлах чадвартай, ааг, амт  сайтай уураг шаргал цай чанана.

 

Казак үндэсний цай мөнхүү олон янз амт чанараар гойд. Цайг бэлтгэхдээ цайны ургамал /төрөл бүрийн цайны навч/-ыг хандлан, улмаар түүнийгээ бусад жимс зэргийг хольж, ус хийж буцалгаад дараа нь өтгөн сүүгээр сүүлж, тос орхих зэргээр тавлаж, амтлана. Цайгаар зочноо дайлахдаа зочны дэргэд цайнд холих амтлагч, хийцүүдийг тавих ба зочин цай уугаад аягаа гараараа таглахгүй бол гэрийн эзэн /эзэгтэй/ дахин дахин аяганд нь цай дүүргэсээр байдаг. Өвөрмөц заншилтай.

    

 

Урианхай болон тува түмэн “тавалсан” болон “хариулсан” цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнд чанаж өгдөг ажээ. “Тавласан цай” гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочдод аягалан барьдаг.

 

Дарви, Чандмань сумын халх зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон янзын цай чанадаг гэх. Тухайлахад толгойтой цай нь нэг ёсондоо эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид чадалтай хэмээн эзэгтэй танилцуулсан. Хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод дараа нь цайндаа хийж мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн 108 удаа самарч болгодог юм байна. Өдгөө Дарви, Цэцэг сумын нутагт ургадаг цайны ургамлаар “Сутай” гэдэг нэртэй цайг Дарви суманд үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ цай нь эмийн ургамлын найрлагатай хүний эрүүл мэндэд ач тустай, амт чанар сайтай гээд олон талын ач холбогдолтой тул борлуулалт сайтай байдгийг бид мэднэ.

 

Дөргөн сумын дөрвөд угсаатны хувьд хонины шийртэй хийцэлсэн цай чанадаг байна. Дээрхийн адил хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтайгаас гадна хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг байна.

 

Мянгад суман дахь Мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янз цайнууд чанадаг. Тухайлахад “тавалсан цай” нь урьд үгүүлснээр тогоон дээр цайгаа хийж, идээшүүлсний дараа данх болон “чүүгт” буцаан юүлж, шанага хэртэйг тогоон дээр үүгээд, дээр нь сүүгээ хийж самран буцалгах ба айргийн болон шар тос орхиж, заримдаа арвайн гурил самрах зэргээр хийцэлж, тавладаг байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account