“Цайны зам -III” наадмын хүрээнд

By: Admin
2024-12-23
0
1096

 “Алтан хэлхээ” уран нугаралтын уралдаан

 

“Цайны зам” аялал жуулчлал, өв соёлын наадам”-ын хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Алтан хэлхээ” уран нугаралтын улсын уралдаан нь уран нугараачид, ялангуяа хүүхдүүд, өсвөр үеийнхний авьяас, ур чадварыг нээн илрүүлж, уран нугаралтын урлагийг олон нийтэд таниулан сурталчлах, уламжлан үлдээхэд чухал ач холбогдолтой. Энэ удаагийн уран нугаралтын уралдаанд нийт 60 гаруй нугараач хүүхэд, залуучууд оролцсон бөгөөд хамтлаг, гоцлол гэсэн хоёр төрлөөр, үндэсний хэв шинжийг агуулсан болон орчин үеийн буюу модерн үзүүлбэрүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

“Алтан хэлхээ” Монгол туургатны уран нугаралтын уралдааны Хүүхэд насны гоцлол төрөлд: Ууганзаяа тэргүүлж, Саранзаяа дэд байрт, Эгшиглэн гутгаар байрт,

Мөнхзаяа тусгай байрт шалгарсан бол 16-аас  дээш насны гоцлол төрөлд Цэцэг  сумын Марал-Эрдэнэ тэргүүлж, мөн Цэцэг  сумын Шүрэнцэцэг удаалж Анун гутгаар байрт шалгарав. Хамтлаг төрөлд: Жаргалант сумын “Их өв” хамтлаг тэргүүлж, Цэцэг сумын “Урангогцоо” хамтлаг удаалж, Цэцэг сумын “Хүн сарнай” хамтлаг гутгаарт байрт шалгарсан юм.

 

Тууль, цуурын наадам

 

Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд Юнескогийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн байна. Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан бол энэхүү “Цайны зам-III” наадмын хүрээнд гурав дахь удаагаа зохион байгууллаа. Туульчдын улсын III-р уралдаанд оролцогчдод өөрсдийн хайлж буй туулийнхаа эхлэл, өрнөл, төгсгөл хэсгүүдээс тус бүр тогтоосон цагт багтаан хайлах шаардлага тавигдсан.  

Харин цуурчдын улсын уралдаанд оролцогчдын тухайд эхний шатанд өөрсдийн хүслээр чөлөөт аялгуу сонгож тоглох харин хоёр дахь шатанд цуурын үндсэн аялгуу гэгдэх “Сариг цагаан ингэний явдал” хэмээх аялгууг тоглох шаардлага тавигдсан. Чөлөөт аялгуунд цуурчид маань “Уул усны цуурай” “Ээвин голын урсгал”, “Хур шувууны дуудлага”, “Алтайн магтаал”, Балчин хээрийн явдал”, “Хангайн буга” зэрэг уламжлалт аялгуунуудыг эгшиглүүлж, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнд нийт нийтдээ 18 хүн оролцсон ба II үе шаттайгаар зохион байгууллаа.

Цуурчдын Улсын уралдаанд Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа тэргүүлж, Дуут сумаас оролцогч Д.Намуунцэцэг удаалж, Мөнххайрхан сумаас оролцогч Бат-Эрдэнэ гутгаар байрыг, Баян-Өлгий аймгаас оролцогч Телебек тусгай байрыг эзлэв.

Туульчдын Улсын уралдаанд Мөнххайрхан сумаас оролцогч, туульч Ц.Цэндсүрэн тэргүүлж, Дуут сумаас оролцогч У.Зундуй удаалж, Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа гутгаар байрт, Дуут сумаас оролцогч О.Үнэнбат, Б.Лхагвацэрэн нар тусгай байрт шалгарав. Шилдэг багшаар Дуут сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш Н.Дамдиндорж шалгарлаа.

 

Бий бийлгийн аймгийн уралдаан

 

Цайны зам аялал жуулчлал-өв соёлын наадмын хөтөлбөрийн дагуу явагдсан бий биелгээний аймгийн уралдаан нь  мөн гоцлол буюу хамтлаг гэсэн хоёр төрлөөр явагдаж гоцлол төрөлд 80 орчим, хамтлагийн төрөлд 300-аад, нийтдээ 400 шахам бийлээч оролцов.   Хамтлагийн төрөлд нэгдүгээр байрыг Манхан сумын бийчид, хоёрдугаар байрыг Зэрэг сумын бийчид, гуравдугаар байрыг Булган сумын бийчид,  тусгай байрыг Алтай сумын бийчид эзлэв. Мөн Алтай сумаас оролцогч Баяраа шилдэг билэг авьяастнаар, Манхан сумаас оролцогч Бадамцэцэг шилдэг бийлээчээр, Буянт сумаас оролцогч Халиун шилдэг өвлөн уламжлагчаар тус тус шалгарсан бол  бии бийлгээний гоцлол төрөлд Оюунгэрэл тэргүүлж, Маралжингоо удаалж, Энхсайхан гутгаар байрыг, Отгонцэцэг, Номинжин нар тусгай байрыг эзлэв.

 

Морин хуурчдын уралдаан

 

Баруун монголын алдарт морин хуурч, МУУГЗ М.Довчингийн нэрэмжит Морин хуурын уралдаанд 50 морин хуурч /хүүхэд болон өсвөр насны/ оролцсон бөгөөд бага насны төрөлд М.Бүрэнтөгс, хүүхэд насны төрөлд Г.Эгшиглэн, өсвөр насны төрөлд Бямбадорж, Хамтлаг төрөлд Жаргалант сумын Ерөнхий боловсролын III сургуулийн “Эгшиглэнт аялгуу” хамтлаг тус  тус тэргүүлжээ. Морин хуурын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар Гомбожав,  “Шилдэг тоглогч”-оор Бямбадорж, “Шилдэг өвлөн суралцагч”-аар Сүхбаатар нар шалгарсан байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account